Хар тамхины нэг төрөл болох нийлэг аргаар гаргаж авсан, маш хүчтэй үйлчилгээтэй “мөс” (ice) хэмээх бодисыг хилээр оруулж ирдэг нууц сүлжээг ЭЦГ, УМБГын ажилтнууд одоогоос жил орчмын өмнө илрүүлсэн. “Дижитал” хамтлагийн ахлагч, Хип хопын холбооны ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаяр, “Айс топ” хамтлагийн Коби буюу С.Чулуунбаяр, Н.Алтай нарын залуусын хамтаар дээрх бодисыг хууль бусаар олж авч хэрэглэсэн хэрэгт холбогдож, Цагдан хорих төвд саатуулагдсан.
УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд тэднийг яллагдагчаар татаж шалгасан бөгөөд хэргийн мөрдөн байцаалт саяхан дуусаж, НПГ-т яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байна. Ш.Батбаяр хэрэгт хяналт тавьж буй прокурортойгоо өчигдөр уулзаж, “Ойрын өдрүүдэд ирж цагаа бүртгүүлэх боломж муутай, шинэ жилтэй холбоотой зохион байгуулах ажил ихтэй байна” хэмээн чөлөө гуйжээ. Тэдний хэрэглэж байсан “мөс” хэмээх бодис нь энгийн нүдээр харахад элсэн чихэр шиг бөгөөд 0.75 грамм нь 300 мянган төгрөгийн үнэтэй байдаг гэнэ.