Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хурлаар Д.Энхээд холбогдох хэргийг өчигдөр хэлэлцлээ. Д.Энхээ 2011 оны зургадугаар сарын 29-ний шөнө согтуугаар хадам эцгийнхээ гэрт очиж, хадам эх Б-гийн амь насыг бүрэлгэж, хадам эцэг болон эхнэрийнхээ дүүд хүнд гэмтэл учруулсан юм. Тэрбээр уг хэргийг үйлдсэнийхээ дараа эхнэр Н-ийн төрсөн дүү таван настай Х, өөрийн төрсөн охин хоёр настай Э нарыг амийг бүрэлгэнэ хэмээн заналхийлсэн байна.
Үүнээс гадна түүний үйлдсэн гэмт хэргийн талаарх мэдээллийн дагуу ирсэн цагдаагийн ажилтнуудаас автомашин, буу, сум өгөхийг шаардаж, хууль бус болзол тавьж, эхнэр Н болон түүний дүү таван настай Х-ийн цээж, зүрхэн тус газар хутга тулган заналхийлж, хүн барьцаалсан гэмт хэрэг үйлдсэн юм. Чингэлтэй дүүргийн шүүх уг хэргийг энэ оны долдугаар сарын 20-нд хэлэлцээд Д.Энхээд ялын дээд хэмжээ оноосон бөгөөд Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Д.Энхээд ногдуулсан цаазаар авах ялыг 25 жил хорих болгон өөрчилж, түүний биечлэн эдлэх ялын эхний 10 жилийг гянданд, үлдэх 15 жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.