Өөрт нь тохиолдохгүй л бол бусдыг ойлгоно гэдэг нь өрөөсгөл. Амьдралын энэ үнэнийг мэдэртлээ ариун охидын биеийг худалдсан “том ах”-ын талаар илчилж бичсэн сэтгүүлчийг шүүгч Итгэл ойлгохгүй. “Хүний мууг шиншилсэн өөдгүй амьтад…” Сэтгүүлчдийн тухай шүүгчийн төсөөлөл ийм явцуу учраас том ахыг гүтгэсэн, доромжилсон нь үнэн үү гэдгийг батлах гэж хичээхгүй. Улмаар Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйл ангиар сэтгүүлч Хурцтуяад гурван сар баривчлах ял оноов. Тэр хойгуур хайртай ганц охин нь найз Ариунаагийнхаа хамт танилцсан “сайн” залуустаа хууртан “том ах”-д охин биеэ зүй бусаар алдсаны дараа л шүүх танхимд сэтгүүлч бүсгүйн хэлсэн “Миний гэрчүүд яагаад мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгээсээ буцсаныг нягталж үзнэ гэж найдаж байна” хэмээн арга барагдан хэлснийг, бас “Охидоо хаана нуух вэ, шүүгч ээ” хэмээн асуусныг ойлгоно. “Том ах” бол өндөр албан тушаалтан. Хууль түүнд үйлчлэхгүй. Тиймээс хохирсон охидыг хэн ч хамгаалж дийлэхгүй, тэд айсан учраас мэдүүлгээсээ буцдаг, гэрч байхыг хүсээгүйг мэднэ. Ингээд түүний охин, найзынхаа хамт гэрчийн мэдүүлэг өгч, сэтгүүлч үнэнийг бичсэнийг нотолсноор Хурцтуяа суллагддаг.
Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйл сэтгүүлчдийг хэрхэн “ангуучилж” байгааг “Том ах” хэмээх жүжгээр харуулсан нь энэ. Төрийн ордон дахь Иргэний танхимд “Гүтгэх, доромжлох нь гэмт хэрэг мөн үү” хэлэлцүүлгийг өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо, “Глоб интернэшнл” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулсан юм. Ерөнхийлөгчийн санаачилсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ ирэх долоо хоногт хэлэлцэнэ. Гишүүн М.Батчимэгээр ахлуулан Ажлын хэсэг хуралдаж, асууд лаа хэлэлцэж дууссан гэнэ. Үүнтэй холбогдуулан Иргэний болон Эрүүгийн тухай хуульд нэ мэлт, өөрчлөлт оруулахаар Ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Дээрх хэлэлцүүлэг үүнд чиглэсэн юм.
Өнөөдрийг хүртэл Эрүүгийн хуулийн 110 буюу доромжлох, 111 буюу гүтгэх заалтаар 16 сэтгүүлч шүүхээс ял сонсжээ. Хэдэн сэтгүүлчид энэ заалтын дагуу хэрэг үүсгэж, мөрдөн байцаасан, хэд нь эвлэрэх замаар шийдэгдсэн зэргийг хэлэх боломжгүй. Сэтгүүлчийг санаатай бусаар эх сурвалжийг хангалттай нягтлалгүйгээр мэдээлснийх нь төлөө шууд л эрүүгийн хуулиар яллахаас олон улс татгалзаж эхэлжээ. Ардчилал өндөр хөгжсөн орнуудад энэ хэргийг Иргэний хуулийн хүрээнд шийддэг юм байна. Мөн манайхтай ижил нөхцөлтай Украин, Гүрж зэрэг оронд ийм туршлага нэвтрүүлжээ. Олон улсад бий болсон энэ чиглэлийн дагуу олон жилийн турш ярьсан Эрүүгийн хуулийн 110 буюу доромжлох заалтыг хасах, 111 буюу гүтгэх заалт дахь эрүүгийн хариуцлагыг Иргэний хуулийн дагуу торгох ял болгон өөрчлөхөөр Хууль зүйн яамнаас боловсруулж буй төсөлд тусгасан байна.
Мөн сэтгүүлчид гүтгүүлсэн гэж өөрийгөө үзсэн албан тушаалтан гэм буруугүй гэдгээ нотолдог байхаар зохицуулж буй юм. Энэ бүх өөрчлөлт нь сэтгүүлчдийг хариуцлагаас мултлахгүй. Гагцхүү үзэл бодлоо илэрхийлж, мэдээллийг ил тод дэлгэснийхээ төлөө эрүүгийн ха риуцлага хүлээх ёсгүй, түүнд буруу байвал Иргэний хэргээр шийдэх дэлхийн жишгийг дагах зорилготой аж. Өнөөдөр асуудал үүсвэл сэтгүүлчийг яллах байдлаар хувь хүнтэй нь хариуцлага тооцдог. Тэгвэл одоо түүний нийтлэлийг хянаж, хэвлэх зөвшөөрөл олгосны хувьд редакцтай нь хариуцлага тооцно. Редакц цаашаа сэтгүүлчтэйгээ хариуцлага тооцдог байхаар зохицуулах гэнэ. Энэ асуудлаар ирэх долоо хоногт Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хамтран хуралдах юм байна. Ажлын хэсэгт орсон гишүүд дээрх үзэл санааг дэмжиж байгаа, УИХ дээр ч дэмжлэг хүлээнэ гэдэгт зохион байгуулагчид найдаж буй юм. “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нэр төр гутаах эрүүгийн хэрэг. Олон улсын зарчим” нэртэй илтгэлийг “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал тавьсан. Нэр төр гутаахтай холбоотой хэргийг Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь үндэслэлгүй хэмээн НҮБ-аас гишүүн орнууддаа уг заалтыг хуулиасаа хасах уриалга гаргасан аж. Иймэрхүү мэдээллийг холбогдох хүмүүс өгсний дараа оролцогчид санал бодлоо илэрхийлэв.
Г.Уянга (УИХ-ын гишүүн): -“Том ах” жүжиг их сайхнаар төгслөө. Гэхдээ том ахад, бас сэтгүүлчийг хэлмэгдүүлж ялласан шүүгч ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Бодит байдал дээр яг л ийм байгааг хууль боловсруулахдаа анхаарах хэрэгтэй. П.Дашрэнцэн ах “Төрөөс төрсөн тэрбумтнууд” гэсэн нийтлэл бичээд буруудсан, хэдэн жилийн дараа мэдээлэл үнэн байсан нь нотлогдсон. Гэвч сэтгүүлчийг цагаатгаагүй.
Надад ч бас ийм явдал тохиолдож байсан. Гаалийн тухай материал бичээд би буруудсан, дараа нь тэр үнэн байсан нь нотлогдож хүмүүс нь ял авсан. Сэтгүүлчийн нэр төрийг сэргээх, буруугүйг нь тогтоож цагаатгах ёстой. Үүнийг ч бас хуульдаа зохицуулъя. Үүнээс гадна санхүүгийн, эзний савраас сэтгүүлч хараат байх ёстой. Одоогийн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг энэ үзэл санаагаар хэлэлцэн батлах нь зөв.
Эрдэнэбулган (МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн танхмийн эрхлэгч): -Ялыг хөнгөрүүлснээр асуудлыг шийдэхгүй. Эхлээд гүтгэх, доромжлох нь гэмт хэрэг мөн үү, биш үү гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Үүнийг гэмт хэрэг биш, зөрчил гэсэн ан гилалд зоригтойгоор оруулъя. Мөн зөвхөн сэтгүүлчийг Эрүүгийн хуулийн дээрх зүйл заалтаар яллахгүй гэх нь ялга варлал бий болгоно. Тиймээс сэтгүүлч дээр дөрөөлөөд нийгмийн эрх ашгийн асуудлыг ярих хэрэгтэй. Үүнээс гадна сэтгүүлчийн ёс зүйг хөндөхгүй орхиж болохгүй.
Л.Мөнхбаясгалан (Улс төрийн тойм сонины эрхлэгч): -Би сэтгүүлчээр 17 дахь жилдээ ажиллахдаа гурван удаа ял авч, нэг удаа Өршөөлийн хуульд хамрагдаж байсан. Хэрэв гүтгэх, доромжлох нь гэмт хэрэг мөн гэчихвэл ялыг нь хөнгөлөөд үр дүн гарахгүй. ШШГЕГаас шүүхийн шийдвэр гарснаас хойш сарын дотор торгуулын мөнгийг төл гэсэн шаардлага тавьдаг болсон. Төлж эс чадвал хорих ял болно. Мөнгөгүй сэтгүүлчдэд торгох ял оноохоор ялгаагүй л хоригдох болно гэсэн үг. Тиймээс энэ зохицуулалтад итгэл төрөхгүй байна. Бас энэ явдал сэтгүүлчийн зоригийг мохоодог нь үнэн. Би эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг байсан бол ял авснаасаа хойш больсон. Тиймээс доромжлох, гүтгэх зүйлийг хоёуланг нь хуулиас хасах, эсвэл баричвлах ялыг хэвээр үлдээсэн нь дээр. Миний бичсэн хэргүүд үнэн байсан нь өнөөдөр тогтоогдсон, хүмүүс нь ялаа авсан учир надад оноосон ялыг цагаатгах хэрэгтэй.
Н.Батдамба (“Баянхонгор таймс “ сонины эрхлэгч): -Манай сонин 560 мянган төгрөг төлөх шүүхийн шийдвэр гарсан. Уг нь сэтгүүлч бол нийгмийн эмч. Өвчин илэрсэн байхад нь эмч хэлэхгүй яваад байж болохгүй биз дээ. Гэтэл Эрүүгийн хуулийн дээрх заалтууд эмчийн үүргээ гүйцэтгэх боломж олгохгүй байна.
Х.Наранжаргал: -Олон улсын жишигт гүтгэх, доромжлохтой холбоотой заалт Эрүүгийн хуульд байхыг иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарласан гэж үздэг. Хүн намайг гүтгэсэн байхад яагаад хариуцлага тооцуулж болдоггүй юм гэсэн асуулт байгаа байх. Гэхдээ нэр хүндтэй байх нь хувийн ашиг сонирхол. Үүнийг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй зэрэгцүүлж үзэх бол давамгайлах хүчин зүйлийг тодруулах хэрэгтэй болно. Нэгдүгээрт, гүтгэлэг буюу худлаа мэдээлэл гэдгийг шүүх нотолдоггүй. Хоёрдугаарт, тухайн хүнийг санаатай гүтгэсэн гэдгийг нотлох боломжгүй. Гуравдугаарт, худлаа мэдээлэл байсан гэж сэтгүүлчдийн эсрэг хэрэг мэдүүлж заргалдах нь илүү их байдаг. Улмаар олон нийтийн үнэн зөв мэдээлэлтэй байх эрхийг хангадаг сэтгүүлчдэд айдас бий болгочихдог. Мөн энэ нь “Шоронд хийнэ шүү” гэх мэтээр сэтгүүлчдийг дарамталж, сүрдүүлэх хэлбэр болж байна. Гэтэл сэтгүүлч бол нийгмийн санаа бодлыг тээж, бүх засагт хяналт тавих үүрэг хүлээсэн хүн. Тиймээс олон нийтийн энэ эрх ашгийг нэг хүний нэр хүндийн эрх ашигтай дүйцүүлэх боломжгүй. Хариуцлагыг Эрүүгийн хуулиас Иргэний хууль руу шилжүүлж байгаа нь хариуцлагаас сэтгүүлчийг мулталж буй хэрэг биш. Мөн гүтгүүлсэн гэж буй хүн гэм буруугүйгээ өөрөө нот лох ёстой. Сэтгүүлч мөрдөн байцаагч биш, түүнд хэргийг дэлгэж мэдээлэхээс цааш мөрдөх мөшгөх эрх байхгүй. Гэхдээ энэ давуу эрхээ урвуулж ашиглах эрхгүй.
Ч.Сосормаа (Ерөнхийлөгчийн зөвлөх): -Эдгээр зүйл ангийг Иргэний хуулиар зохицуулах боломжтой. Баривчилж, сэтгүүлчийг шоронд хорилоо гээд гүтгэгдсэн хүний нэр төр сэргээхгүй. Мөнгөн торгууль, албадан ажил хийлгэх гэх мэт зохицуулалт байж болно. Гол нь ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлэх нь хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд голдуу төрийн албан тушаалтны үйл ажиллагааг шүүмжлэх, буруу булхайг илчлэхэд чиглэдэг. 2010 онд энэ зүйл заалтаар буруутгагдсан хүмүүсийн 80 гаруй хувь нь сэтгүүлч байна. Олон улсад төрийн албан тушаал бол нийтийн өмч гэж үздэг. Тиймээс тэднийг олон нийтийн зүгээс хянах, хардах эрхтэй. Тиймээс төрийн албан хаагч буруугүй гэдгээ өөрөө батлах зохицуулалтыг төсөлд тусгаж байгаа. Ардчилсан Монгол Улс сэтгүүлчээ барьж хорих, төрийн албан тушаал тантай холбоотой мэдээлэл бичвэл гүтгэсэн болж таарах ёсгүй.
Ж.Батбаатар (МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч): -Мэдээж хэвлэл мэдээллээр хүнийг санаатай гүтгэн доромжилбол гэмт хэрэг мөн. Гэхдээ сэтгүүлчийн мэргэжлийн онцлог гэж бий. Тэд цагийн “дарамт” дор үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс богино хугацаанд баримтаа боловсруулах, үгээ сонгохдоо санаатай бусаар алдаа гаргасан нь гэмт хэрэг болдог тохиолдол бий. Сэтгүүлчдийн алдаа голдуу энэ онцлогтой холбоотойгоор гардаг учир Эрүүгийн биш, Иргэний хуу лиар шийдэх ёстой гэсэн үзэл санааг сүүлийн 20 жил олон улсын түвшинд ярьж байна. НҮБ үүнийг байнга уриалж байна. Хүний эрхийн томоохон байгууллагууд ч ярьдаг. Олон орон хүлээн зөвшөөрч, ийм хандлага давамгайлж буй учир Монгол Улс ч энэ чиглэлийг дагах ёстой.
Энэ мэтээр оролцогчид саналаа илэрхийлэв. Улмаар эдгээр саналыг дахин авч хэлэлцэхээр болсноор хэлэлцүүлэг өндөрлөсөн.
С.ТУУЛ