Хүүхдийн цэцэрлэгт ажилладаг болон гэрээр хүүхэд асрах ажил хийдэг хүмүүс ажил үүрэгтээ хайнга хандсанаас бага насны хүүхдүүд осолдох гэмтэх явдал гардаг ч эцэг эхчүүд үл ойшоогоод өнгөрдөг. Хүүхэд асрагчийн буруугаас бага насны хүүхэд багачууд осолдож гэмтсэн нэгэн хэргийг шүүхээр шийдвэрлэж, асрагчийг нь шийтгэжээ.
Чингэлтэй дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулж байсан “Өүлэн эхийн оюуныг бадраах төв”-ийн дэргэдэх хүүхэд асрах төвд асрагчаар ажиллаж байсан Н.Энхтүвшин гэх эмэгтэй иргэн Ц-гийн есөн сартай хүүхдийг асарч байхдаа эзгүй өрөөнд индүү залгаж орхисноос түлэгдэн хүнд гэмтсэн аж. Уг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад Н.Энхтүвшин хохирол төлөх боломжгүй, гэхдээ гэм буруугаа ухамсарлаж байгаа зэргийг харгалзан дөрвөн сар баривчлах ял оноосон байна.
Хохирлын төлбөр гэж 500 мянган төгрөг дансанд хуримтлуулсан байсныг хохирогч хүүгийн хууль ёсны төлөөлөгч, ээж Ц-д нь олгохоор шийдвэрлэв. Харин хохирогч хүүгийн эмчилгээний зардал 150 гаруй мянган төгрөгийг гурвалсан гэрээ байгуулж, гарын үсэг зурсан “Өүлэн эхийн оюуныг бадраах төв”-өөс гаргуулахаар болжээ.
Г.РАВЖАА