Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчиж явсан монгол залуугийн ачаанд хар тамхитай төстэй, 4.5 кг нунтаг цагаан бодисыг энэ сарын 9-ний орой гаалийн шалган нэвтрүүлэхийнхэн илрүүлж, улмаар Гаалийн ерөнхий газрын төв лабораторид дээжийг нь шинжлүүлэхээр өгсөн байна. Монгол Улсын иргэн, 40 орчим насны уг эрэгтэй хилээр байнга орж гардаг юм байна. Энэ удаа хайрцаг нь задарсан солонгос угаалгын нунтаг тээшинд нь илэрсэн нь сэжигтэй байсан тул шалгаж үзжээ.
Сэжигтэн скочоор ороосон уг зүйлийг угаалгын нунтаг гэж мэдээлсэн ч шалганы ажилчид аягатай усанд хийж найруулахад цагаан бодис нь хөөсрөхгүй байсан тул цагдаа дуудсан байна. Хар тамхи байх магадлал өндөр байгаа ч одоогийн байдлаар шинжилгээний эцсийн дүн гараагүй учир олон нийтэд мэдээлэх боломжгүй гэдгийг Гаалийн ерөнхий газраас хэлж байна. Шинжилгээний эцсийн хариу өнөөдөр гарна.
Б.Бямбасүрэн