Их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдсон БНХАУ-ын иргэн Вэй Хун Вангад холбогдох хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгаж байна. Ийнхүү шилжүүлэх болсон нь яллагдагч Вэй Хун Ван Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Нанжидсүрэнд хээл хахууль өгсөн нь мөрдөн байцаалтын явцад илэрсэнтэй холбоотой гэнэ. Хятадын төв телевизийн Өвөрмонгол дахь салбарын сурвалжлагчаар ажилладаг Вэй Хун Ванг манай улсад “Хун Лиан” нэртэй компани байгуулж, БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль авчран худалддаг байсан бөгөөд Баянзүрх дүүргийн татварын байцаагч түүнээс 1.5 сая төгрөгийн авлига авсан юм байна. Улмаар тус компанийн манай улсад төлөх ёстой их хэмжээний татвараас зайлсхийхэд нь тусалсан аж. Уг хэрэгт мөрдөн байцаагч нар шинжээч томилон дүгнэлт гаргуулсан бөгөөд татварын байцаагчийн дэмжлэгтэйгээр гааль, ашиг, НӨАТ гээд 5-6 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийж, улсад энэ хэмжээний хохирол учруулаад буй гэнэ.
Г.РАВЖАА