Нөөцийн мах бэлтгэх нэрээр мөнгө завшдаг, хуурамч гүйцэтгэл гаргаж татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулдаг компаниудын эрх бүхий албан тушаалтнуудыг цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн дээрх асуудлыг шинжлэн судалж, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдл үүдийг нь шалгуулахаар мөрдөн байцаах байгууллагад шилжүүлсэн юм. Энэ талаар ЭЦГ-ын эх сурвалж “Нөөцийн махны хөрөнгө шамшигдуулсан асуудлыг шалгаад, авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаагүй тул харьяалах дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн. Дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ажилтнууд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, харьяа Прокурорын газрууд хяналт тавьж байгаа” гэсэн юм.
Нөөцийн мах бэлтгэдэг Багахангайн мах боловсруулах үйлдвэр, “Давшилт” зэрэг хэд хэдэн компани хуурамч баримт бүрдүүлж мөнгө завшдаг, өөр компанийн бэлтгэсэн махыг өөрийнх болгож, холбогдох байгууллагад үзүүлдэг, зун, намар нь ямар ч мах бэлтгээгүй атлаа “Хүчит шонхор” захаас зах зээлийн ханшаар мах бөөндөн авч, махны үнэ өсгөсөн зэрэг хууль бус үйлдлүүд гаргасан аж. Түүний сацуу ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд мах бэлтгэж байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Тодруулбал, төмөр чингэлэг, гарааш түрээсэлж аваад хөрөө суурилуулж байгаад хөрөөдөж, савладаг нь шалгалтын явцад тогтоогдсон байна.
Хамгийн хачирхалтай нь, эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж байгаа хэр нь тэдний зарим нь энэ онд нөөцийн мах бэлтгэх тендерт дахин оролцож буй гэсэн.
Г .РАВЖАА