Олон улсын авлигын эсрэг өдөр энэ сарын 9-нд тохиосон. Энэ өдөртэй холбогдуулан “Transparency International” олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар Монгол Улс авлигын индексээр 3.6 гэсэн үнэлгээ авчээ. Энэ нь авлигагүй буюу 10 гэсэн үнэлгээтэй орнууд руу бага ч болов дөхөж байгаа үзүүлэлт аж. Манай улс авлигын эсрэг тэмцэх албан ёсны байгууллагатай болоод зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа бөгөөд уг судалгаанд 2004 оноос хойш хамрагдаж иржээ. УИХ-ын дарга З.Энхболд, дэд дарга Л.Цог, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Ганбат болон албаны зарим хүн өчигдөр Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцлаа.
-Авлигатай тэмцэх тухай хуулийг анх гаргахдаа авлига авсан хүмүүсийг мөрдөж, шоронд хийхдээ бус, иргэдийг соён гэгээр үүлэх, хөрөнгө орлогын мэдүүлэгт анхаарахыг зорьсон. Аймгуудын Тамгын газарт байдаг Иргэний танхимыг энэ зорилгоор ашиглаж, УИХ-аас цалин урамшууллыг нь шийдэж өгөх боломжтой. Энэ маягаар нийгмээ гэгээрүүлэхэд анхаарах цаг болсон байна хэмээн УИХ-ын дарга хэлэв. Түүнчлэн хөдөө орон нутагт мэдээлэл хүргэх, хөрөнгө орлогын болон ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг цахим хэлбэрээр авч, цахим гарын үсэг ашигладаг болох зэрэг техникийн дэвшлийг ирэх жилээс ашиглах гэнэ.
Ялангуяа, шинээр томилогдсон Засаг дарга нарт хуулийн талаарх мэдээллийг түлхүү өгөхийг тэрбээр сануулсан. Учир нь ирэх оноос орон нутагт олгох төсөв 2-3 дахин нэмэгдэж, тэрбумаар тоологдох мөнгөөр ажил хийх эрх нь Засаг дарга нарт шилжиж байгаа тул хяналтаа илүү сайжруулахыг анхааруулав.
Р.Цэцэг