Завхан аймгийн Баянтэс сумын Хачиг багийн иргэн Г.Бямбадорж 2010 оны тавдугаар сард 11 толгой адуугаа ОХУ руу хил давуулан алджээ. Уг хэргийн мөрөөр Завхан аймаг дахь Хилийн 0277 дугаар ангийнхан Оросын хилчидтэй хамтран ажилласны дүнд малын хулгайчдыг Оросын талд саатуулсан байна. Хил зөрчигчдийг баривчлах үед хохирогчийн адуунаас зөвхөн хоёр нь үлдсэн байсныг Оросын хилчид хамгаалалтад авсан аж.
Харин хэд хоногийн өмнө ОХУ-ын Тува улсын Дээд шүүхээс Монгол Улсын иргэн Г.Бямбадоржийн хоёр морь, бусад адууных нь нөхөн төлбөр болгон 4712.5 рубль олгохоор шийдвэрлэсэн тогтоолыг Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар хүлээлгэн өгчээ. Иргэн Г.Бямбадорж бараг хохирлыг нь барагдуулах тал дээр уйгагүй хөөцөлдсөн хилчдэдээ талархаж буйгаа илэрхийлж, хоёр морио хүлээж авсан байна.
Г.Цолмон