УИХ-ын 2012 оны сонгуульд Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын туслах, сонгуулийн штабын ажилтнуудад холбогдох хэргийг Баянгол дүүргийн шүүхэд өнгөрсөн мягмар гаригт хэлэлцэв. Увс аймгийн МАН-ын дэд дарга Н.Жамсран болон гишүүн Я.Лхагва, Т.Гансүх нарыг Тариалан суманд иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тараасан хэрэгт холбогдуулан ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст шалгаж, Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн юм.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад дээрх хүмүүс Тариалан сумын Бургастай багийн малчдын гэрийг 100 мянган төгрөгөөр түрээсэлж, ухуулах байр болгох нэрийдлээр сонгогчдод мөнгө тараасан гэм буруутай болох нь нотлогдсон аж. Тиймээс Баянгол дүүргийн шүүхээс Н.Жамсран, Я.Лхагва, Т.Гансүх нарыг тус бүрийг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу 12 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.
Г.РАВЖАА