НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага UNODC дэлхийн хамгийн аюултай хотуудын жагсаалтыг гаргасан талаар Их Британийн “The Guardian” сонин энэ сарын 3-нд мэдээлжээ.
Энэхүү жагсаалтыг тухайн орны цагдаа, эрүүл мэндийн байгууллагын 2009-2012 оны мэдээлэлд үндэслэн, 100 мянган хүнд ногдох санаатай аллагын тоогоор харьцуулан гаргасан байна. 66 орны нийслэл, томоохон хотууд багтсан жагсаалтыг Венесуэлийн нийслэл Каракас тэргүүлжээ.
Жагсаалтаас харахад Төв болон Өмнөд Америкийн хотуудад аллага, гэмт хэрэг хамгийн их гарч байгаа бол, Европ, Австралид харьцангуй тайван ажээ. Каракаст 100 мянган хүнд 122 санаатай аллага бүртгэгдсэнээр энэ жагсаалтын эхэнд бичигдсэн бол, Гватемал улсын нийслэл Гватемалд дээрх тооны хүнд ногдох аллагын тоо 118.3, Карибын тэнгисийн бяцхан орон Сент-Китс, Невисийн нийслэл Бастер 97.6-гаар удаах байруудыг эзэлжээ. Харин санаатай аллагын тоогоор Азидаа манай Улаанбаатар тэргүүлсэн байх юм.
Дэлхийд 17 дугаар байр эзэлсэн Улаанбаатарт 100 мянган хүнд 10.2 аллага ногдож байгааг тус байгууллагаас тогтоожээ. Манай нийслэлийн дээд талд дандаа Төв, Өмнөд Америк, Африкийн орнуудын хотууд орсон байна. Москва 30, Сөүл 39 дүгээр байрт орсон бол, Японы Токио, Португалын Лиссабон, Словенийн Люблян хамгийн амгалан хотоор шалгарчээ. Бээжин хот уг жагсаалтад ороогүй байна.
М.Сугар-Эрдэнэ