БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр Халх голын дайнд Монгол, Зөвлөлтийн армийг командлан ялалт байгуулсан ЗХУ-ын баатар Г.К.Жуковыг тухайн үеийн төрийн дээд шагнал Цусан гавьяаны одонгоор шагнасан түүхтэй. Энэ шагналыг Улаанбаатарт байгуулсан түүний нэрэмжит музейд хадгалж байсан бөгөөд цалин цагаан мөнгийг алтаар шарсан одон тэндээс алга болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Манай сонинд нийтэлсэн мэдээллийг УЕПГ-аас хянаж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар болсон юм. Уг хэрэг ямар шатандаа яваа талаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч, дэслэгч Н.Түмэнжаргалаас лавлахад “Уг хэргийг шалгаад Баянзүрх дүүргийн прокурорт хянуулахаар шилжүүлсэн. Хэрэг бүртгэх тасагт эрүүгийн хэрэг гарснаас хойш зургаан сарын доторх хэргийг л шалгадаг. Уг хэрэг 2009-2011 оны үед гарсан болохоор хэрэгсэхгүй болгох саналтайгаар шилжүүлж байгаа. Прокурор Ц.Оюунчимэг хянаж үзээд хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргах юм уу, эсвэл мөрдөн байцаах албанд шилжүүлэн шалгах байх” гэлээ.
Түүх, соёлын үнэт бүтээлд тооцогдсон уг одон солигдсон эл хэргийг үнэхээр хэрэгсэхгүй болгож орхивол иймэрхүү хэрэг явдал үргэлжлэн гарах үүд хаалгыг нээж өгнө гэсэн үг. Одонг тоодоггүй юм аа гэхэд түүхийн гэрч, соёлын дурсгалт ховор үнэт зүйлс ашиг хонжоо хайгчдын гараар орж, алга болохыг үгүйсгэх аргагүй. Прокурор хэрхэн шийдвэрлэсэн талаар тус дүүргийн орлогч прокурор М.Буяннэмэхээс лавлахад “Хяналтын прокурор хянаж үзээд 14 хоногийн дотор шийдвэрээ гаргана. Хэрхэн шийдэхийг бид одоогоор хэлж мэдэхгүй” гэлээ.
Г.Цолмон