ШШГЕГ-ын харьяа хорих 441 дүгээр ангийн Барилгын ашиглалтын өмнөх захиргааны дэд дарга, дэд хурандаа Б.Лхагважав архи уусан үедээ хүмүүжигчидтэй зүй бусаар харилцаж, зодож гэмтээжээ. Тэрбээр гурван жилийн өмнө буюу 2009 оны хоёрдугаар сард тус ангид ял эдэлж байсан Б.Ганбаяр гэдэг залууг ухаан санааг нь самууртал зодож байсан юм. Тухайн үед Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч танил тал, ах дүүгийнхээ буянаар бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэрэг нь шийдэгдэлгүй өнөө хүрсэн.
Харин тэрбээр энэ удаад хүмүүжигчийнхээ эрүүл мэндэд дахин халдаж, хүнд гэмтээв. Энэ тухай мэдээллийг бидэнд тус ангид хүмүүжиж байгаад өнгөрсөн сарын 20-нд хугацаанаасаа өмнө суллагдсан залуус өглөө. Тэрбээр хүмүүжигч Р.Эрдэнэтөгсийг “Чамайг амьтан болгоно оо, бандидна, шуумардана” гэх мэтээр дарамталж, удаа дараа зодож, хамгийн сүүлд зодохдоо нүднийх нь болрыг гэмтээжээ.
Дэд хурандаа Б.Лхагважав энэ сарын 15-нд ажлын байрандаа согтуу очиж, хүмүүжигч Р.Эрдэнэтөгсийг өрөөндөө дуудан зодсон байна. Тэрбээр ганц Р.Эрдэнэтөгсөөр зогсохгүй, шөнө дөлөөр ажлын байрандаа согтуу ирж, галчаар ажиллаж байсан хоёр хүмүүжигчид гар хүрчээ. Энэ хэрэг явдлаас өмнө машин барьж явсан Даваадорж гэх хүмүүжигчид мөн нударганы амт үзүүлжээ. Жолооч санамсаргүйгээр хүн шүргэж, зогсох гэтэл Б.Лхагважав “Зогсолгүй яв” хэмээн зодсон гэнэ. Ингээд хүмүүжигч Даваадорж хэргийн газраас зугтсан гэсэн үндэслэлээр ялаа нэмүүлж, чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэхээр шилжсэн байна.
Харин Б.Лхагважав “Би тэр машинд сууж яваагүй” хэмээн мэлзсээр хэргээс мултарсан аж. ШШГЕГ-ын болон НПГ-ын албаны хүнээс энэ талаар лавлахад “Дэд хурандаа Б.Лхагважавтай холбоотой гомдлыг судалж үзээд мөрдөн байцаах болон прокурорын байгууллагад шилжүүлсэн. Мөн албан тушаалаас нь чөлөөлсөн” гэлээ.
Г.РАВЖАА