Өмнөх Засгийн газрын БСШУЯ-ны нэгэн газрын даргатай АНУ-ын иргэн Дон Лессем гэрээ байгуулж, XIII зууны үеийн түүх дурсгалаар Чикагод “Чингис хаан” нэртэй үзэсгэлэн гаргасан юм. Америк эр эл үзэсгэлэнг гаргахдаа манайхтай байгуулсан гэрээгээ зөрчиж, улмаар Монголоос аваачсан бүтээлүүдийг барьцаалсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэрбээр Монголын түүх, соёлын дурсгалаар ихээхэн ашиг олж буй бөгөөд дахин үзмэр авахаар ирэхэд нь манай тал гэрээгээ зөрчсөн хэмээн хүсэлтээс нь татгалзсан байна. Гэтэл тэрбээр өмнө нь явуулсан манай найман үзмэрийг барьцаалан “Шинээр үзэсгэлэн гаргах дурсгалууд иртэл энэ үзмэрүүд энд байж байг” гэж тулгаж буй юм билээ.
Барьцаалсан үзмэрийн дунд Дорноговь аймгийн нутгаас олдсон XIII зууны үеийн түүхийн хосгүй үнэт дурсгалд тооцогдох эмэгтэй хүний занданшуулсан шарил, дагалдах хэрэгсэл болох бортгон малгай, толгойн гоёл зэрэг зүйлс бий гэнэ. Манай холбогдох яам, хуулийн байгууллагынхан хамтран тэдгээр найман үзмэрийг “Тарбозавр батаар”-ын хамт авчрах ажлыг зохион байгуулж буй сурагтай.
Дашрамд дурдахад, “Тарбозавр батаар”-ыг эх орондоо авчирсны дараа Төв аймгийн нутаг, Богд хан уулын өвөрт динозаврын музей байгуулахаар төлөвлөж буйгаа Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл мэдэгдсэн билээ. Тэнд Эрик Жон Прокопигийн гэрээс олдсон, Монголоос аваачсан 4-5 үлэг гүрвэлийн араг яснаас гадна Япон руу хууль бусаар гаргасан динозврын 5-6 чулуужсан ясыг тавих гэнэ. Цаашлаад Өмнөговь, Дундговь аймагт ч үлэг гүрвэлийн музей байгуулахаар төлөвлөсөн аж.
Г.ЦОЛМОН