УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст дахин нэг шинэ үндэслэлээр шалгаж эхэлжээ. Уг нь түүнийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой хэргээр шалгаж байсан. НИТХ-ын дарга асан Н.Болормаа, тухайн үеийн Засаг дарга Ц.Батбаяр нарт холбогдох хэргийг өдгөө тусгаарлан шалгаж буй билээ. Ц.Батбаярыг төрийн өмчийг завшсан, албан тушаал, эрх мэдлээ урвуулсан гэх үндэслэлүүд дээр нь нэмээд хууль бус хувьчлалтай холбоотой асуудлаар шалгуулахаар Нийслэлийн өмчийн харилцааны газраас саяхан АТГ-т бичиг хүргүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Ц.Батбаяр Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн дүү Ц.Чанцалд Сэргээн засах клиникийн эмнэлгийг хууль бусаар хувьчилж өгсөн хэрэгт сэжигтнээр татагдаж буй гэнэ. Сэргээн засах клиникийн эмнэлгийг Ц.Чанцал ахлагчтай багт 2004 оны хоёрдугаар сараас удирдлагын гэрээгээр хариуцуулан ажиллуулж эхэлжээ. Ингээд 2006 онд Удирдлагын багийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлахаар болсон аж. Гэвч энэ хувьчлал нь хууль бус болсон гэнэ. Түүнээс гадна 256 сая төгрөгөөр үнэлсэн уг эмнэлгийг тус баг 172 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж авсан байна.
Ингэхдээ 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрчилгээтэй атлаа 172 сая төгрөгийн хөрөнгө оруулсан нь гайхал төрүүлж буй аж. Тиймээс энэ хуудуутай хувьчлалд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаярын буруутай үйл ажиллагаа бий эсэхийг шалгуулахаар болсон гэнэ.