“Энэ сарын 26-нд Монголын 36 настай иргэн ОХУ-ын хил зөрчин саатуулагдлаа” гэж ОХУ-ын Хил хамгаалах газраас мэдэгдсэнийг “Комсомольская правда” сонин мэдээлжээ. Манай иргэн Дорнод аймгийн Дашбалбар сумаас Эрээнцав руу алдсан адуугаа хайж явсан бөгөөд буцах замдаа төөрч хилийн дээс давсан байна.
ОХУ-ын хилчдийн мэдээлснээр тэрбээр харих замдаа танилындаа очиж архи уусан бололтой. “Гэрийн эзэнтэй муудалцан зодолдоод гэртээ харихаар гарсан. Харанхуйд Оросын Соловьевск тосгоны гэрлийг Дашбалбар сум гэж андуураад хил давчихсан байсан” гэж хил зөрчигч мэдүүлсэн аж.
Хил давсан зөрчлийн тухай мэдээлэл авсан Оросын хилийн заставынхан нохойтой эргүүл гарган тус тосгоныг самнаж, түүнийг илрүүлсэн байна. Монголын хил зөрчигч гэмт хэрэг үйлдээгүй, ямар нэгэн хорон санаа агуулаагүй байсан тул хоёр улсын гэрээний дагуу манай талд хүлээлгэн өгөхөөр болжээ. Хил зөрчигч энэ хэргийнхээ хариуцлагыг Монголын хуулийн дагуу хүлээх юм байна.
М.Сугараа