“Дэлхийг тойрон аялагчдын клуб” нэрээр иргэдийг залилж байсан хүмүүсийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна. Уг хэргийн гол эзэн нь Д.Сүхбаатар гэдэг хүн бөгөөд 2010 оны хоёрдугаар сараас эхлэн АНУ-ын “Diamond holiday” компанитай хамтран ажилладаг гэж хэлж, diamondholidaymongolia.biz цахим хуудас үзүүлэн, хүн тус бүрээс 385 ам.доллар авч клубтээ элсүүлж байжээ. Тэрбээр 10 хүн элсүүлбэл 1000, 40-ийг бол 10000 ам.доллараар урамшуулна. Бүр олныг элсүүлж чадвал гадаадад аялуулж, таван одтой зочид буудалд байрлуулна гэдэг байж. Уг компани нь тодорхой байргүй, энд тэндхийн байр түрээсэлж байсан гэнэ.
Одоогоор энэ сүлжээний хохирогч 380 гаруй хүн болоод байгаа бөгөөд цаашид хохирогчдын тоо нэмэгдэх бололтой. Д.Сүхбаатар өмнө нь бас л сүлжээний залилангийн хэргээр зургаан жил хорих ял эдэлж байгаад суллагдсан юм байна. Тэрбээр эх орноо сурталчилж, аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулна гэсэн нэрээр төрийн бус байгууллага байгуулж, дээрх хэргийг үйлджээ. Энэ хэрэгт Д.Сүхбаатараас гадна сүлжээний залилангийн хэрэгт гаршсан этгээдүүд шалгуулж буй юм. Тухайлбал, 2011 онд автомашин, байртай болгоно хэмээн иргэдийг элсүүлэн, залилж байсан “Барагдашгүй алмааз”- ын Н.Оюунцэцэг, Б.Өнөржаргал , “Хүсэл мөрөөдлийн хүч” ТББ-ын С.Баатар, Б.Мөнгөнцэцэг байгаа аж. Тэд клубт эхлээд элсэж, дараа нь элссэн хүмүүсийн мөнгийг авч байсан гэнэ.
“Дэлхийг тойрон аялагчдын клуб”-т элсэж, мөнгөө өгч хохирсон, цагдаагийн байгууллагад мэдүүлэг, тайлбар өгөөгүй иргэдийг УМБГ-ын 307 тоот өрөөнд очиж, уулзахыг тус газрын ажилтнууд хүслээ.