Нийгмийн хэв журам хамгаалах газрын ажилтан, хошууч И.Чинбатаар ахлуулсан Тусгай хамгаалалтын хэлтсийн 27 алба хаагч энэ сарын 22-нд галын аюулаас нэгэн гэр бүлийг аварсан байна. Тэд Хөвсгөл аймагт орон нутгийн сонгуулийн санал авах байрны хамгаалалтад ажиллаад Улаанбаатар руу буцаж явжээ. Зам дагуу Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвөөр дайрах үеэр энэ үйл явдал болжээ.
Байшин нь шатсан айл тус сумын I багийн Засаг дарга С.Мөнх-Эрдэнийнх байсан аж. Гэрийн эзэн С.Мөнх-Эрдэнэ, эхнэр М.Мөнхтуяа, найман сартай охин М.Энхмаа нар гал гарсан байшинд унтаж байсан бөгөөд цагдаа нар байшингийн цонхыг хагалан орж, тэднийг гаргасан байна. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэдээс НХЖХГ-ын даргад талархлын цахилгаан мэдээ ирүүлжээ.
Мөн гэрийн эзэн С.Мөнх-Эрдэнэ “Байшингийн галлагааны өрөөний яндангийн орчмоос гал гарсан. Хошууч Н.Чинбатаар удирдуулсан цагдаагийн ажилтнууд сумын Цагдаагийн хэсэг рүү мэдэгдэж, зарим нь айлаас шат авчирч, дээврийн төмөр хуулж, ус зөөн галыг унтрааж байхад, нэг хэсэг нь гэрээс авч болох эд хогшлыг зөөж гаргасан. Мөн нэг цагдаа өлгийтэй охиныг минь дулаан машиндаа байлгаж байсан. Авхаалж самбаа, эр зориг, ур чадвар гарган түргэн шуурхай ажиллаж бидний амийг аварсанд, эд хөрөнгийн маш бага хохиролтойгоор аюулаас гэтэлгэсэнд туйлын ихээр баярлаж байна” гэж ярив.
Г.ЦОЛМОН