Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдаанаар хошууч генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт, Ш.Батсүх, дэд хурандаа Г.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг өчигдөр хэлэлцлээ. Тэднийг ҮАБЗ-ийн 2008 оны долдугаар сарын 1-ний хуралдаанаас “Нийтийн эмх замбараагүй байдлыг тараах үйл ажиллагаа явуулахдаа байлдааны галт зэвсэг хэрэглэх буюу хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдлыг бий болгож болохгүй” гэсэн үүрэг авсан. Гэтэл албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хайнга хандсаны улмаас дөрвөн иргэн нас барж, гурван хүний биед хүнд, хоёр хүний биед хүндэвтэр, нэг хүн хөнгөн гэмтсэн хэрэгт буруутгасан.
Сүхбаатар дүүргийн шүүх уг хэргийг энэ оны зургадугаар сарын 7-нд хэлэлцэж Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нарыг албан тушаалаар хүлээсэн албаны эрх мэдлээ үл хэрэгжүүлэн бусдад хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг хамтран үйлдсэн гэм буруутайд, Г.Ганбаатарыг албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандаж, хүнд хор уршиг буй болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ч.Амарболд, Ш.Батсүх нарт зургаан жил зургаан сар, О.Зоригтод таван жил зургаан сар, Г.Ганбаатарт хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Улмаар Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар Г.Ганбаатарт оноосон хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт нарт ногдуулсан ялаас гурван жилийг хассан.
Нийслэлийн шүүх уг хэргийг есдүгээр сарын 20-нд хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны хурлаас Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нар нь албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, галт хэрэгсэл тараасан, цагдаа галт зэвсэг хэрэглэсэн нь мөрдөн байцаалтаар нотлогдсон. Г.Ганбаатар нь галт зэвсэгтэй холбоотой үйлдэлд оролцоогүй боловч жагсаал цуглааныг тараах явцад албан үүрэгтээ хайнга хандсан нь тогтоогдсон гэж үзлээ. Мөн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед Эрүүгийн хууль зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй гэж үзээд, Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарын ялыг хэвээр үлдээв.
Харин хохирогч нарыг хохирлын асуудлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болох тухай заалтыг шийтгэх тогтоолд нэмж оруулжээ.
Г.РАВЖАА