Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нар энэ сарын 30 буюу ирэх баасан гаригт хэлэлцэхээр товлолоо. Албан тушаал, эрх мэдлээ урвуулж, бусдын өмчийг завшсан хэрэгт буруутгаж анхан шатны шүүхээс тэдэнд ял ногдуулсан билээ. Тухайлбал, Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн нарт анхан шатны шүүхээс дөрөв, Д.Чулуунбаатарт 2.1, Ж.Мягмаржаргалд 3.6 жил хорих ял оноосон. Шүүгдэгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн шүүхэд давж заалдсан ч шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Хоёр шатны шүүхийн шийдвэрийг ялтнуудын өмгөөлөгч нар эсэргүүцэж, Улсын Дээд шүүхэд “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, шүүх хурлыг шөнө дөл болтол үргэлжлүүлсэн. Үндсэн хуулийн 56 дугаар зүйл болон Олон улсын хүний эрхийн конвенцийг ноцтой зөрчсөн” гэж хяналтын шатанд гомдол гаргасан тухай бид өмнө нь мэдээлсэн. Өмгөөлөгч нар нь Улсын Дээд шүүх нааштай шийдвэр гаргахгүй бол олон улсын шүүхэд хандана хэмээн мэдэгдээд байгаа юм.
Г.ЦОЛМОН