Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын маргаашийн хурлаар хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх, О.Зоригт, дэд хурандаа Г.Ганбаатар нарт холбогдох хэргийг тэдний болон өмгөөлөгчдийнх нь гаргасан гомдлын дагуу хэлэлцэхээр товложээ. 2008 оны долоодугаар сарын 1-ний хэрэг явдлын үеэр эрх мэдлээ хэрэгжүүлээгүйн улмаас таван хүний амь нас хохирсон гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүхээс Ч.Амарболд, Ш.Батсүх нарт 3.6 жил, О.Зоригтод 2.6 жилийн хорих ял оноож, Г.Ганбаатарт холбогдох хэргийг өршөөн хэлтрүүлсэн юм. Нийслэлийн шүүх уг ялыг хэвээр баталсан бөгөөд уг ялыг дээрх хүмүүс эсэргүүцэж, Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаад байгаа. Цагдаагийн хэн гэдэг ажилтан буудсан бэ гэдгийг мөрдөн байцаагч нар баримтаар нотолж чадаагүй ч дарга нарыг нь буруутгаж, ял шийтгэсэн асуудлыг иргэдийн олонх нь хэлмэгдүүлэлт гэж үзэж буй. Тиймээс “Улс төрийн хоёр ч сонгууль өнгөрлөө. Цагдаагийн удирдлага гэм буруутай гэж үзэж байгаа бол тэднийг өршөөдөггүй юмаа гэхэд тэнсэн харгалзах ял онооход болохгүй гэх газаргүй” гэж ярьж буй. ШШГЕГ-ын эх сурвалжийн мэдээлснээр нийслэлийн орчмын хорих ангид Ч.Амарболд ял эдэлж буй бөгөөд бие нь тийм ч сайнгүй байгаа аж. Хурандаа О.Зоригт Шастины нэрэмжит клиникийн эмнэлэгт эмчлүүлж буй. Түүний биеийн байдал нь хүнд гэнэ. Хурандаа Ш.Батсүхийн саахрын хэмжээ маш өндөр байгаа, эмчилгээ хийлгэж буй ч буухгүй хэвээр байгаа гэсэн.
Г.ЦОЛМОН