Их говийн дархан цаазат газраас хавтгайн буур агнасан хэргийг Баянхонгор аймгийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд шаргуу хөөцөлдсөний дүнд энэ сарын 13-нд эзэн холбогдогчийг нь олж саатуулжээ. Уг хэрэг өнгөрсөн оны арвахоёрдугаар сарын 10-нд Баян-Өндөр сумын нутагт гарсан бөгөөд хэргийн газрын үзлэгээр хавтгайг “Дорбинк” маркийн буугаар агнаад, ямар ч эд эрхтэнийг нь авалгүй орхисон байсан гэнэ.
Улаан номд орсон зэрлэг тэмээ буюу хавтгайн экологи эдийн засгийн үнэлгээгээр буурных нь 40 орчим сая төгрөг байхаар хууль, журамд заасан байна. Энэ хэргийг Баянхонгор аймгийн Шинэжинст сумын харьяат гурван иргэн үйлдэж, хэргийн газраас зугтсан байсан бөгөөд “Бид ямар ч зорилгогүйгээр буудсан” гэж цагдаагийнханд мэдүүлж байгаа гэнэ.