“Central tower”-т үйл ажиллагаа явуулдаг “Mont Blanc” дэлгүүрээс өнгөрсөн бямба гаригийн 15.30 цагийн үед 369 сая төгрөгийн үнэтэй бугуйн цаг хулгайд алдагджээ. Энэ тухай дуудлага ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийнхөнд ирснээр НЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн Ажлын хэсэг гарган шалгаж эхэлсэн байна.
Дэлгүүрээс алдагдсан зүйл нь Швейцарь улсад үйлдвэрлэсэн, матрын арьсан оосортой, алмаазан шигтгээтэй, 18 каратын алтан цаг байсан гэнэ. Уг цагийг тав, зургаахан хувь л үйлдвэрлэсэн юм байна. Цагдаагийн ажилтнууд эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулснаар хэрэг гарснаас зургаан цагийн дараа буюу 21.00 цагийн үед сэжигтнийг олж саатуулжээ. Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн 39 настай М тухайн үнэт эдлэлийг хулгайлсан болохыг эд мөрийн баримтаар тогтоож, “Mont Blanc” дэлгүүрийг хохиролгүй болгосон байна.
Тус дэлгүүрт хяналтын камер суурилуулсан байдаг ч түүнийгээ харж хянадаг хүнгүй, хяналт сул, нягтаршил муутай камер байдгийг хулгайч овжин ашигласан аж. Тиймээс цагдаагийн байгууллагаас аж ахуйн нэгж, байгууллагуудыг нягтаршил сайтай хяналтын камер суурилуулах, харуул хамгаалалтын ажилтнууд ажилдаа хариуцлагатай хандахыг анхааруулж байна.
Г.ЦОЛМОН