Монгол Улсад гадаадын иргэд, тэр дундаа хятадууд гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь их. Прокурорын байгууллагын шийдвэрээр хятадуудад холбогдох эрүүгийн нэг хэргийг сэргээн шалгаж эхэлсэн талаар УЕПГ-ын албаны эх сурвалж хэллээ. Харин цагдаагийн байгууллагынхан энэ хэргийн талаар ихэд нууцалж буй бололтой. Бидэнд олдсон мэдээллээр эл хэрэг 2010 оны өвөл гарчээ. Манай улсад амьдарч байсан БНХАУ-ын иргэн Гуа Баожин их хэмжээний самар хил давуулахаар бэлтгэж байж. Энэ үйлдлийг нь манай тагнуул, цагдаагийнхан илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар самрыг битүүмжлэн хадгалж байсан гэнэ.
Гэвч битүүмжилсэн самар сураггүй алга болжээ. Түүнээс хойш нэг их удалгүй эрүүгийн хэрэгт шалгуулж байсан БНХАУ-ын иргэн Гуо Баожин ч сураггүй болсон байна. Тэрбээр батлан даалтад байсан бөгөөд манай хоёр иргэн түүнтэй үе үе очиж уулздаг байсан гэх. Улмаар түүнийг БНХАУ-аас ирсэн нутгийнх нь хоёр иргэнтэй уулзуулжээ. Харин хятадууд Дорноговь аймгийн нутгаар хилийн торыг таслан Гуо Баожинг урд хөрш рүү авч гарсан гэх мэдээлэл байна. Гуо Баожинг хил давуулан, авч явсан хоёр хүн БНХАУ-ын зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүд байж болзошгүй гэж хууль хяналтын байгууллагынхан үзэж байгаа.
Тус улсын талаас манайд ирүүлсэн мэдээллээр манай улсаас нутаг нэгтнээ хулгайлсан БНХАУ-ын хоёр иргэнд хорих ял оноосон гэнэ. Хятадын зохион байгуулалттай бүлэглэлийнхэн самар авах зорилгоор Монгол руу илгээсэн мөнгөө олж авахын тулд Гуо Баожинг хулгайлсан нь тус улсын хууль хяналтын байгууллагын явуулсан шалгалтаар тогтоогдсон бололтой. Тэдэнд үйлчилсэн манай хоёр иргэнд тухайн үед эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл байгаа юм. Харин саяхнаас энэ асуудлыг сэргээн шалгаж эхэлсэн бөгөөд эрүүгийн хэрэгт холбогдсон хоёр монгол залууг хилээр гарахыг нь хориглоод буй гэсэн.