Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, яриа дэлгэв. Энэ албанд очсоноосоо хойш тэрбээр хэвлэл мэдээллийнхэнтэй тухтай уулзаагүй санагдана. Асууя, ярилцъя гэх саналыг сэтгүүлчид олонтаа тавьж байсан ч хэн нэгэнд нь ам нээлгүй байсаар ийнхүү “бөөндөхөөр” шийдсэн аж. Тэгэхдээ тэрбээр оршил болгож олон юм нуршсангүй, бидний асуултад хариулангаа байгууллагынхаа ажил үйлсийн нарийн ширийнийг тайлбарлахыг урьтал болгов.
Түүнийг энэ албыг хүлээж авахад аль ч шатны прокуроруудын ажлын нөхцөл муу, ялангуяа нийслэлд нэг прокурорт ногдох ачаалал нэлээд их байж. Энэ нь прокуроруудыг хийлгээд баймааргүй ажлаар их дардаг, тухайлбал дүн мэдээ гаргах, дүгнэлт, эсэргүүцэл, даалгавар бичих зэрэгт ажил, цагийнхаа бараг тэн хагасыг нь зарцуулдаг байж. Одоо тэгвэл энэ мэт ажлыг туслах ажилтан нь хийдэг болох гэнэ. Ийм өөрчлөлт хийснээр прокурорын байгууллагын орон тоог 200 хүнээр нэмэх шаардлагагүй болох юм байна. Доод шатны прокурор нь бие дааж шийдвэр гаргахгүй, дээрээс шийдэл хүлээж суудгийг болиулжээ. Зүй нь бол анхан шатны прокурор хэргийг эхнээс нь аваад хариуцдаг байх учиртай аж. Жендер энэ салбарт эмэгтэй рүүгээ нэлээд хэлбийсэн байгаа гэнэ. Салбар дотроо өгсөж, уруудах зарчим тодорхой бус, ахих, дэвших явдалд танил тал, нутаг ус, нам улс төрийн байр сууринаас ихэнхдээ хандаж ирсэн байж. Одоо бол прокурорыг анхан шатаар заавал дамжуулж байх аж.
Прокуроруудыг албан тушаалд томилохдоо хөдөө нутгийн ажил амьдрал мэдэхгүй бол улсын хэмжээний асуудал шийдэж чадахгүй гэж үзэж хандах юм байна. Мөрдөн байцаах үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй прокурор нь мөрдөн байцаагчдаа хөтлөгдөх хэмжээнд хүртэл доройтсон байжээ. Гэтэл нөгөө мөрдөн байцаагч нь хуулиа зөрчих явдал газар авсан байв гэнэ. Шүүхийн ямар ч шийдвэргүйгээр хүнийг 14 сар хорьсон тохиолдол ч байсан байна. Хоёр цаг гаруй үргэлжилсэн харилцан яриаг уншигчдадаа тоймлон хүргэхээс аргагүй. Тиймээс сэтгүүлчдийн тодорхой зарим асуултад Д.Дорлигжавын өгсөн хариултаас сонирхуулъя.
-Та бүхэнд ямар бэрхшээл учирч байна. Удирдах албан тушаалтантай холбоотой хэрэг олон байх юм уу?
-Энэ албанд урьд нь ажиллаж байсан хүмүүсээс ялгаатай нь надад аливаа дарамт, нөлөөлөх гэсэн оролдлого алга. Санаснаараа ажиллахад саад болох юм байсангүй. Харин хуулиар хуягласан улстөрчид, УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэх мэт саад бол байна. Энэ нь нэг хуулийг хүчингүй болгоод түүний оронд хэрэглэх хуулийг УИХ баталж өгөөгүй байгаатай холбоотой. Бас энэ нийгэм маань сүүлийн 20 жилд дэндүү хяналтгүй болчихож. Идэх завших нь хэрээс хэтэрч. Үүний хамгийн түгээмэл, үндсэн арга нь Засгийн газраас тендер авах явдал юм байна. Авсан тендерээр гүйцэтгэх ажилд нь зарцуулахаар төсвөөс хуваарилсан мөнгөнөөсөө тендер авч өгсөн хүмүүстээ хахууль өгчихөөд, тэр хөрөнгөө дараагийн жил нь Засгийн газраас дахин хуваарилуулж авдаг байж.
-Танай ажилтнуудын цалин хангамж хэр вэ. Гарыг нь хүндрүүлэх оролдлогод автахааргүй байж чадах уу. Цаашид хэвлэл, мэдээллийнхэнд нээлттэй байх тухайд ямар ахиц гарах бол?
-Одоогийн цалин нь Монгол Улсад хамгийн адгийнх нь биш л дээ. Гэхдээ 800-900 мянган төгрөгийн цалинтай байлаа гэж бодоход түүнийг нь гурван сая болгож нэмлээ ч хүний сэтгэл ханахгүй. Ханатал нь цалин өгнө гэж байхгүй, ингэх гэж хөөцөлдөх нь ч буруу. Прокурорын ёс зүй гэдэг юманд л захирагдаж ажиллах ёстой. Хуулийн байгууллагын үйл ажиллагаа хаанаа хүртэл нээлттэй байж болохыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тусгах хэрэгтэй юм билээ. Ер нь энэ хуульд дорвитой өөрчлөлт оруулах шаардлага бий.
-“Алтан Дорнод Монгол” компани, түүний захирал байсан Паушокийн татвараас зайлсхийсэн хэргийг яагаад хэрэгсэхгүй болгосон бэ. Үүнтэй холбоотойгоор Ч.Бямбаа гэдэг хүний нэр дуулддаг, түүнийг өөрийн чинь найз байсан учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн гэсэн яриа ч олны дунд байдаг
-Паушокийг их хэмжээний татвараас зайлсхийсэн гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэтэл Монголын тал гэнэтийн ашгийн буюу 68 хувийн татвар гээч юмыг гэнэт бий болгож хоёр улсын Засгийн газар хоорондын тохиролцоог зөрчиж манай компанийг дампууруулах гэсэн хэмээн Паушок манай Засгийн газрыг Олон улсын арбитрын шүүхэд өгсөн. Энэ шүүх нь Паушокийг 68 хувийн татвар төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Үнэн хэрэг дээрээ бол Паушок татвараас зайлсхийгээгүй. Татвараа зохих ёсоор нь өгч байсан, үүнийг гэрчлэх баримт нь бүрнээрээ байсан. Харин 68 хувийн татварыг төлөхгүй гэсэн. Манай талаас Паушокийн компанийн бүх юмыг лацдаад, үйл ажиллагаа явуулахыг нь болиулчихсан. Монголд ийм байдлаар ажиллаж болохгүй юм байна гэж ойлгосон Паушок Ч.Бямбаа гэдэг хүнийг өөрийнхөө оронд компаниа удирдаж ажиллуулаад нэхээд байгаа 68 хувийн татварыг төлье гэтэл манай Засгийн газар ийм боломж олгоогүй. Тэгэхээр нь Паушок компаниа зарсан. Компанийг нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Т.Ганболд гэж хүн авсан. Тэгсэн чинь нөгөө "лацнууд" тэр дороо алга болсон төдийгүй таван жилийн дотор өр барагдуулахаар Засгийн газартай гэрээ байгуулсан байдаг. Тэгэхнээ "Алтан Дорнод-Монголын" хөрөнгийг манайхан хувааж хүртэх гэж зорьсон юм билээ. Эндээс л "монгол араншин" харагдаад байгаа юм даа. Паушок зөвхөн алт ухаад байдаг хүн байгаагүй юм билээ. Монголд нефть боловсруулах үйлдвэр барих төсөл боловсруулсан байсан. Гэтэл энэ нь Монголыг бензиний хараат байдлаас нь гаргахыг хүсээгүй Оросын Засгийн газрын бодлогын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа байсан учир Паушокийн төслийг Оросын тал зөвшөөрөөгүйгээр барахгүй түүнийг буруутан болгосон. Тэрхүү Ч.Бямбаа бол миний танил төдийгүй хамт ажиллаж байсан хүн.
Ерөнхий прокурор Д.Дорлигжав бидэнтэй ярилцаж байхдаа, иргэний шинжтэй хохирлыг албадан гаргаж болдоггүй нь хохирогч иргэнийг хувийн хариуцлагатай болгох зорилготой юм. Аливаа хэрэг шүүхээс хэрэг биш болж буцдаг байж болохгүй. Яагаад гэвэл баримтаар бүрэн нотлогдсон хэргийг л шүүхэд прокурор өгөх ёстой. Прокурорын ажил сонголт багатай байх учиртай. Хэрэг үүсэхээс өмнө буюу хэрэг бүртгэлийн шатанд хүний эрхийг хавтгайдаа зөрчиж байна. Хөрөнгөжсөн хурандаа нар гэдэг чинь ч үүнтэй холбоотой гэх мэт анхаарахгүй орхиж боломгүй, учир начрыг нь олохгүй бол улс, иргэдэд ноцтой хохирол учруулах, зайлшгүй өөрчилбөл зохих, сэтгүүлчдийн хувьд чихнийхээ хажуугаар өнгөрөөлгүй байж байгаад цаашдынхаа нийтлэл, нэвтрүүлгэд ашиглаж болохуйц асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярьсан юм. Бас нийгэм илүү анхаарч сонирхож буй хэрэг гэж байна уу гэхээс биш прокурорын анхаарахгүй хэрэг гэж байхгүй. Харин онцгой анхаарах ёстой юм бол хар тамхитай холбоотой хэрэг гээд улсын начин Ц.Улаанхүүд шүүх яагаад хатуу хандсаныг үүгээр тайлбарласан.
Д.Дорлигжавыг энэ албанд томилохдоо “яаж ажиллахыг чинь би заахгүй. Ямар ч байсан энэ байгууллагыг хүмүүсийн хүсээд байгаагаар өөрчлөөрэй” гэж Ерөнхийлөгч хэлсэн аж. Прокурорын байгууллага Д.Дорлигжавын хувьд шинэ юм байсангүй. Санаснаа хийх гэж зүтгээд одоо л ажил нь гайгүй цэгцэрч зүгширсэн гэж үзэж буй юм байна. Тэгээд л сэтгүүлчидтэй уулзаж буй бололтой. Тун удахгүй Монголын прокурорын байгууллага томоохон зөвлөлгөөн ч хийх гэж байгаа аж.