Энэ оны хоёрдугаар сарын 3-нд Налайх дүүрэгт байрлах ХААН банкны салбарт зэвсэглэн халдаж, хүний амь бүрэлгэсэн А.БатЯлалтад холбогдох хэргийг тус дүүргийн шүүхэд уржигдар хэлэлцлээ. Шүүгдэгч А.Бат-Ялалт 1986 онд Улаанбаатар хотод төрсөн, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийг онц дүнтэй төгсөж, сурагч солилцооны шугамаар АНУ-д суралцаж байсан аж.
Эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг. Шүүх хуралд түүний ээж Н.Дариа ажиглагчаар оролцсон бөгөөд хүүгээ “Хэзээ ч хүний амь бүрэлгэж, банк дээрэмдэхээргүй хүн” гэж байсан. Хэрэг хийснийхээ дараа А.Бат-Ялалт ээж болон эхнэртээ “Би энэ хэргийг зориуд хийгээгүй. Намайг ямар нэгэн зүйл хорлочихлоо. Би хүн буудъя гэж бодоогүй. Захирлаар нь мөнгө бэлтгүүлж авах гэж байтал нөхөр нь хаалга эвдэж орж ирсэн. Энэ үед би сум алдсан” гэсэн захидал илгээж байсан аж.
Тэрбээр “Танай захиралтай уулзахаар ирсэн сурвалжлагч байна” хэмээн дотогш нэвтэрч, салбарын захирал Д.Туяагийн өрөөнд орж, буу тулгасан. Энэ үед талийгаач Б хаалгыг эвдэн орсон бөгөөд А.Бат-Ялалт түүнийг буудаж, хүнд шархдуулаад зогсохгүй, тус банкаар үйлчлүүлж байсан иргэнийг мөн гэмтээсэн юм. Улмаар хэргийн газраас зугтахдаа таксины жолоочид буу тулган барьцаалсан билээ. Шүүх хурлын ялын санал, шүүмжлэл хэлэлцэх үед улсын яллагч С.Хишигжаргал цаазаар авах ял оноох санал гаргасан юм. 11.00 цагт эхэлсэн шүүх хурал 18.30 цагийн үед завсарлаж, шүүгч нар гурван цаг орчим зөвлөлдсөний эцэст А.Бат-Ялалтад ялын дээд хэмжээ оноох шийдвэр гаргалаа.
Г.РАВЖАА