Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх “Хяналт” нэгдсэн арга хэмжээг БОНХЯ, ЦЕГ, МХЕГ хамтран Сэлэнгэ, Төв, Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Орхон, Завхан, Өвөрхангай, Увс, Хэнтий, Хөвсгөл аймагт зохион байгуулжээ. Шалгалтаар албан тушаалтантай холбоотой тав, аж ахуй нэгж, байгууллагатай холбоотой гурав, хувь хүнтэй холбоотой 10, эзэнгүй хоёр гээд нийт 20 зөрчил илрүүлсэн байна. Хэргийг одоо УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа талаар БОНХЯ өчигдөр мэдээлэв.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат А-340 тоот захирамжаар ойд явуулах үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэл түр зогсоосон байтал Сүхбаатар, Алтанбулаг, Шаа мар, Түшиг суманд өнгөрсөн сарын 25-наас эхлэн мод бэлтгэсэн нь тогтоогджээ. Мөн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуй ойн ангиараа мод бэлтгэх талбай тусгаарлах ажил хийлгэж, мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгох ажлыг орлогч В.Түмэндэмбэрэлдээ хариуцуулсан нь ашиг сонирхлын зөрчил байгааг харуулсан байна. Түүнчлэн Засаг даргын орлогч В.Түмэндэмбэрэл, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Баяржаргал, байгаль хамгаалагч С.Мөнхзул нар “Сэлэнгэ Хөх Чоно” ХХК-д бэлтгэсэн мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ, гоожин хуваарийг хэтрүүлэн олгосон нь шалгалтаар илэрчээ.
Тус компани их хэмжээний гарал үүслийн бичгээр Улаанбаатар хот руу хэрэглээний мод тээвэрлэсэн нь тогтоогдсон гэж хяналтынхан ярив. Мөн Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд үйл ажиллагаа явуулдаг “ЭБНЗ” ХХК нь зөвшөөрөлгүйгээр ногоон мод бэлтгэж байсан нь илэрлээ. Ерөө сумын нутагт хамаарах Цонхлонгийн даваанд 100 орчим ногоон нарс, Хүдэр сумын 16-гийн даваанд их хэмжээний ногоон нарс мод хууль бусаар бэлтгэсэн эзэн холбогдогчийг тогтоохоор орон нутгийн цагдаагийнхан шалгаж байгаа аж. Үүнээс гадна Тахилт, Шижирийн даваа орчмын чиглэлд гарч ажилласан албан хаагчид нийт 210 тээврийн хэрэгсэл шалгаснаас 600 шуудай, 2.5 шоо метр мод тээвэрлэж явсныг илрүүлжээ. Партизаны нүхэн гүүр, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг 361-ийн гармын чиглэлд нийт 325 тээврийн хэрэгсэл шалгаснаас хууль бусаар 50 шоо метр мод, 1470 шуудай мод, 190 ш балк зэргийг тээвэрлэж явсныг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэхээр шилжүүлсэн байна.
Ц.МИЧИД