Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дэд дарга Б.Цолмонд өнгөрсөн ням гаригийн үүрээр үл таних хүмүүс халджээ. Тэрбээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй Хонконг, Макаод ажлын айлчлал хийхээр явахаар гэрээсээ гарсан байна. Энэ үед нь “Ланд круйзер-100” маркийн автомашинтай залуус ирж, “Аятайхан байгаарай, ална шүү” гэж хэлээд нүүр рүү нь 2-3 удаа цохисон аж. ГИХАЭГ-ын нэг ажилтан “Түүний одоогийн эрхэлж буй ажил үүрэгтэй нь холбогдуулж, халдсан байж болзошгүй гэж бид үзэж байгаа. Б.Цолмон даргад халдсан залуус хуурамч дугаартай машинтай явсан” гэв.
Энэ тухай Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрх бүхий ажилтнаас лавлахад “ГИХАЭГ-ын дэд дарга Б.Цолмонд халдсан асуудал энэ сарын 18-ны 06.00 цагийн үед гарсан. Тэрбээр жолоочийнхоо хамт Спортын төв ордны аркаар гарах гэтэл “Ланд круйзер-100” маркийн нэг машин замыг нь хааж, зогссон байсан юм билээ. Энэ үед жолооч нь машиныхаа чанга яригчаар яаралтай зам чөлөөлж өгөхийг шаардсан гэсэн. Гэтэл уг машинаас Соронзонболд гэдэг хүн бууж ирээд арын хаалгыг онгойлгож, “Чи тойроод гарахгүй юу” гэж хэлээд түүний нүүр рүү 2-3 удаа цохьсон байна. Тухайн үед нь ойрхон явж байсан цагдаагийнхан Содномдоржийг саатуулсан. Б.Цолмон дарга тухайн үед ямар нэгэн гомдол гаргаагүй, гадагшаа явсан байгаа. Содномдорж нарын хүмүүс өмнөх шөнө нь Арслантай гүүрний орчмын “Бридж” зочид буудалд архидаж хоноод, өглөө нь онгорхой дэлгүүр хайж явсан гэж тайлбарлаж байна. Одоогоор түүнд эрүүгийн хэрэг үүсгээгүй, Б.Цолмонг гадаадаас ирсний дараа тайлбар авч, эрүүгийн хэрэг үүсгэх эсэх нь тодорхой болно” гэлээ.
Г.ЦОЛМОН