Сүхбаатар дүүргийн нутаг, ЭМЯны өргөтгөлд үйл ажиллагаа явуулж байсан “Ривер саундс” шөнийн клубийн захирал, удирдлагад тус дүүргийн Цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Энэ талаар НЦГ-ын Хэв журмын хэлтсийн Согтуурал, мансуурлаас урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч, ахлах дэслэгч Н.Амарсанаа “Улаанбаатар хотын ерөнхий менежерийн аравдугаар сарын 5-ны А/124 дүгээр тушаалаар “Ривер саундс” клубийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Тус клубийн эзэд хориглосон цагт, тусгай зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаагаар үйлчилж хууль зөрчсөн.
Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна. НЦГ, НМХГ хамтран баар, шөнийн клубуудийн үйл ажиллагааг шалгаад 140 гаруй зөрчил илрүүлж, хууль ноцтой зөрчсөн 32 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг Улаанбаатар хотын ерөнхий менежерт хүргүүлээд байна” гэлээ. “Ривер саундс” клубт байсхийгээд л зодоон цохион, танхайн хэрэг гардаг. Хамгийн сүүлд гэхэд улсын начин Б.Батзаяа нартай хамт тус бааранд үйлчлүүлж байсан нэгэн компанийн захирал согтуугаар шар айрагны аягаар хүний толгойг цохиж гэмтээжээ. Цагдаагийнхан зөвхөн “Ривер саунд” клубээр тогтохгүй өөр бусад баарны эздэд ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлж буй гэнэ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн Барилгачдын талбайд байрладаг “Доргио хаус” баарны удирдлагыг шалгаж эхэлсэн байна. Тус бааранд энэ оны наймдугаар сараас хойш 20 орчим удаа танхайн хэрэг гарсан аж.