Монгол Улсын хилээр их хэмжээний герион нэвтрүүлж байгаад баригдсан Филиппин улсын иргэн Тереси Бендод холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, өчигдөр Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүллээ.
Тэрбээр энэ оны тавдугаар сарын 14-ний 22.00 цагт Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд “Корейн эйрлайнз” компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэхдээ таван кг 450 гр мансууруулах бодис авчирч, манай улсын иргэн Э.А-д дамжуулах гэж байгаад хууль хяналтын байгууллагынханд баригдсан юм.
Тереси Бендо нь манайд өмнө нь хэд хэдэн удаа ирж байсан ч мансууруулах бодис авчирсан, эсэхийг тогтоож чадаагүй байна. Дээрх хоёр хүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар бүлэглэн, онц их хэмжээгээр хар тамхи мансууруулах бодисыг борлуулах зорилгоор хил давуулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж.
Г.РАВЖАА