“South gobi sands” компанийн хуулийн зөвлөх Сара Армстронгийг тус компанийг 150 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийхэд оролцсон, мөнгө угаасан, авлигын хэрэгт холбоотой хэмээн үзэж Монголын хилээр гаргахгүй байж, байцаалт авч эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл эл хэрэгт ихээхэн анхаарал хандуулж буй Австралийн Гадаад хэргийн сайд Боб Карр түүний асуудлаар Монголын Гадаад хэргийн сайд Лу.Болдтой уулзсан хэмээн “The Australian” сонинд бичсэн байна.
Тэрбээр “Бид Сараг эх орондоо буцаан авчрах тухайд хатуу байр суурьтай байх хэрэгтэй. Би өнгөрсөн долоо хоногт Монголын Гадаад хэргийн сайдтай Балид уулзаж, энэ тухай ярьсан” хэмээн ярьжээ. Мөн “Сара Армстрон гийг дээрх хэрэгтэй холбогдуулан мөрдөн байцааж буй юм билээ. Тэр Ерөнхий Консул Дэвид Лавсонтой байнгын холбоотой байгаа” хэмээн тус сонинд мэдээлсэн байна. Боб Карр Сараг эх оронд нь буцаахын тулд Австралийн Засгийн газрын дэмжлэг ихээхэн хэрэгтэй байгааг онцолжээ.
Т.ЖИГҮҮР