-АНУ-ын иргэн манай найман үзмэрээр барьцаалж, үзэсгэлэнгийн бүтээл авчээ-
Музейн үзмэр, түүх соёлын дурсгалт хосгүй үнэт бүтээл алдагдах тохиолдол цөөнгүй болж байна. Хэдийгээр музейн сан хөмрөгийн улсын тооллого орон даяар болж байгаа ч үүнийг хариуцан хийлгэж буй хүмүүс нь хайнга хандаж алга болсон зүйлийг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөж байна. “Өнөөдөр” сонины өмнөх дугаарт XIII зууны үеийн Монгол цэргийн сэлмийг самурай бариултай, хятад хуйтай болгосон АНУ-ын иргэний тухай мэдээлсэн. АНУ-ын иргэн Дон Лессем манайхаас үзмэр авч яваад, холбогдох хууль тогтоомж зөрчин, анх олдсон хэлбэрийг нь өөрчилсөн, өөр улс оронд үзэсгэлэн гаргасан тухай мэдээлэл цагдаа, тагнуул, БСШУЯ-нд (хуучин нэрээр) ирсэн байдаг. Ийм ноцтой мэдээлэл ирээд байхад тухайн үеийн БСШУЯ, одоогийн ССАЖЯ-ны газрын дарга нь арга хэмжээ авалгүй, харин ч дахин үзмэр илгээх гэрээ хийсэн гэх мэдээлэл байх юм.
Дон Лессем 2008 онд АНУ руу үзэсгэлэнд гаргахаар авч явсан үзмэрээ өнгөрсөн намар эх оронд нь буцаах болсон аж. Ингэхдээ тэрбээр манай түүх соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт тооцогдох найман үзмэрийг явуулахгүй “барьцаалаад” үлдсэн гэнэ. Тэрбээр шинээр үзмэр явуултал энэ найман бүтээл надад байж байг гэсэн утгатай зүйл манай талд мэдэгдсэн аж. Манай хариуцсан яамныхан ч түүний үгнээс гараагүй бололтой, дахиад үзмэр явуулжээ. Гэтэл тэр найман үзмэр одоо болтол ирээгүй байна. Уг нь өмнөх үзмэрээ бүхэлд нь авсаны дараа дахин үзмэр явуулах эсэхийг шийдэх, хууль зөрчсөн асуудал гаргасан тул зохих хариуцлага тооцох хэрэгтэй гэж удирдлагад нь ажилладаг албан тушаалтнууд нь хэлж байж. Гэвч “цэргүүдийнхээ” үгийг үл ойшоож дахин гэрээ хийсэн бололтой.
Түүх соёлын үнэт дурсгалаа хамгаалах үүрэгтэй албан тушаалтнууд нь ийм байдлаар хариуцлагагүй хандаж байгаа нь харамсалтай. Түүхийн дурсгалыг хамгаалах үүрэгтэй музейнхэн ч бас хариуцлагагүй хандаж буй тухай шинэ мэдээлэл бидэнд олдлоо. Баянзүрх дүүргийн XV хорооны нутагт, Г.К.Жуковын гэх музей бий. Энэ музейгээс тухайн үеийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс Г.К.Жуковыг шагнаж байсан Цэргийн гавьяаны улаан тугийн одон алга болжээ. Харин оронд нь дуураймал одон хийж тавьсан байна. Музейн тооллогын үеэр ажилтнууд нь халтуурдан тоолж, мэдээгүй өнгөрөөсөн асуудлыг саяхан Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлжээ.
Г.К.Жуковын музей нь Монгол цэргийн музейд харьяалагддаг бөгөөд хэдийд ингэж солигдов гэдгийг тогтоохоор цагдаагийн байгууллага, Цэргийн музейн одоогийн удирдлага хамтран шалгаж эхэлсэн гэнэ. Алдагдсан Цусан гавьяаны одонг 985 гр цэвэр мөнгийг алтаар шармалдаж, бүтээсэн байж. Цэргийн музейн эрдэм шинжилгээний ажилтнууд “1939 оны Халх голын дайнд ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К.Жуков гарамгай гавьяа байгуулсан түүхийг хүн бүр мэднэ. Түүний дурсгалд зориулж, Г.К.Жуковын музейг Улаанбаатарт байгуулсан. Улмаар тус музейд түүнтэй болон Монгол оронтой холбоотой түүхийн дурсгалыг хадгалж байдаг. Халх голын дайнд байгуулсан гавьяаг нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс үнэлж, Улсын бага хурлын шийдвэрээр Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм билээ. Халх голын дайны үед улсын баатар цол хараахан бий болоогүй байсан учраас Цусан гавьяаны одонгоор шагнасан юм билээ” гэв.
Хэн нэгэн этгээд уг одонг сольж, оронд нь дуураймал, хэлбэр, хийц муутай, будаж өнгөлсөн муу инжааны урласан одон тавьсан байгааг уншигч та бүхэн зураг дээрээс харж болно. Монгол цэргийн музей болон хэргийг шалгаж буй УМБГ-ын ажилтнуудаас одон сольсон хүмүүсийг олж тогтоосон эсэхийг лавлахад “Одон сольсон асуудал саяхан гарсан. Шалгаж байгаа. Одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.