Манай улсад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг анх хэдэн онд гарсан талаарх яг таг тоо, баримт хараахан байдаггүй юм билээ. Монгол Улс ардчилал, эрх чөлөөт нийгэмд шилжсэнээс хойших эхний 10 жилд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг цөөн гарч байсан. Харин 2007 оноос хойш энэ төрлийн хэрэг өссөөр ирсэн.
Манай улсад 2009 онд найман хэрэгт 12 хүн, 2010 онд 15 хэрэгт 75 хүн шалгаж байж. 2011 онд 94 холбогдогчтой 25 хэрэг шалгаж байсан бол энэ оны эхний 10 сарын байдлаар 155 холбогдогчтой 30 хэргийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгасан байна. Жил бүр өсөж байгаа энэ төрлийн хэргийн холбогдогчдын дийлэнх нь 18-35 насны залуус гэнэ.
Хэрэгт холбогдсон хүмүүсийн насны байдлаас харвал 16-18 насныхан тав, 18-25 настнууд 40, 25-35 насныхан 34.7, 35-аас дээш насныхан 20.3 хувийг эзэлж буй юм. Эрүүгийн хэрэгт холбогдсон хүм үүсийн 75.4 хувь нь эрчүүд байна.
Цагдаагийн байгууллагаас гаргаж буй тоо, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн статистик, хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагаас гаргаж буй тоо тэс өөр байдаг.
Шүүхээр шийдвэрлэж буй хэргийн тоо 2010 оноос хойш жил бүр өссөн байна. 2010 онд шүүхээр гурван хэрэгт таван хүн шийтгүүлж байсан бол 2011 онд 14 хэрэгт 27 хүн ял авчээ.
Харин энэ оны эхний хагас жилд есөн хэрэгт 12 хүн шийтгүүлэв. Ял шийтгүүлсэн хүмүүсийн олонх нь 18-30 насны, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй залуус. Энэ хугацаанд дөрвөн эмэгтэй л ял шийтгүүлжээ.