Намайг арван жилийн сургуулийн сурагч байхад манай сургуульд Батаа гэдэг банди суралцдаг байлаа. Үеийн биднээс намхан, өрвийсөн шар тэр хүү ам, хамраа сурагчийн дүрэмт хувцасныхаа нэг энгэрээр байнга дарж явдаг нь бидэнд эхлээд нэг их сонин санагддаггүй байсан юмдаг. Гэтэл багш нар пий паа болж, охид түүнтэй нэг дор суухаас халгадаг болоод явчихлаа. Манай ангийн хүүхэд биш байсан юм.
Сургуулиар л нэг яриа гарах нь тэр. Тэр хүүг ангийн багш нь нэгжиж үзтэл энгэртээ жижиг халаас маягийн юм оёчихсон, түүндээ пенициллиний шилтэй бензин авч явдаг, түүнийгээ байнга үнэртдэг байж. Энэ явдлаас хойш түүний нэрний өмнө “бензин” гэдэг үг байнга зүүлттэй явах болов. “Бензин” Батаа удалгүй сургуулиа орхиж, манай Дарханыхны “Батальон” гэж нэрлэдэг орос цэргийн хуаран, орос клубийн хавиар яваа харагддагсан. Гэхдээ нөгөө л энгэрээ үнэртсэн хэвээр.
Удалгүй түүн шиг хүүхэд Дарханд олширч, манай ангийн банди нар хүртэл “шаахай 72”-той аавыг нь ажилдаа явсан хойгуур мотоциклийнх нь шатахууны савны тагийг авч үнэртэж, зарим нь ухаан алдан унаж, зарим нь нэг их инээмтгий болсноо ярьснаас хойш дахин ийм зүйл хийгээгүй. Гэнэн багийн энэ дурсамжийг эргэн санасан нь бичих зүйлтэй минь холбоотой болоод тэр. Тэр үед бид амьхандаа сэтгэ цэд нөлөөлөх бодис хэрэглэж үзсэн болж таарах гээд байна. Муу юм тийм амархан тардаг аж. Хүүхдүүд болсон хойно шохоорхож, биеэрээ мэдэрч байж, тэр буруу зуршлаас манай ангийнхан лав салсан юмдаг. Харин тэр шохоорхлоосоо салалгүй, сүүлдээ цавуу, гутлын тос гээд хурц үнэртэй юм бүхэнтэй баланд дурласан баавгай адил нөхөрл өсөн хүүхэд нэг биш байсан. Элдэв юм үнэрт дэг зуршил саяхны зүйл биш дэг ээ. Одоогоос хэдхэн жилийн өмнө дөө, хүүхэд, залуус юу ч юм, архи уусан аятай мансуурах болсон дуулддаг байлаа.
Мансууруулах бодис залуучуудын дунд дэлгэрч байгаа тухай хэвлэлд бичих болов. Гэтэл нэг өдөр цагдаагийн ажилтнууд хүн гэхэд жигшмээр хэдэн охин, банди нарыг баривчиллаа. Тэд Цагаан давааны оршуулгын газарт очиж, талийгаач нарын шарилыг хөндөж, авсан доторх араг ястай хамт хэвтэн зургаа авахуулж, наргидаг байж. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнуудын шалгаж байсан энэ хэргийн зургийг хараад бие арзайж, хэд хоног санаанаас гараагүй юмдаг. “Хүний санаанд оромгүй муухай зүйлийг цэцэг цэврүү шиг тэр хүүхдүүд яаж хийж чадав аа” гэж энэ хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчаас асуухад “Тэд мансуурсан байсан” гэдэг юм байна. Бараг анх удаа мансуурсан монгол хүүхэд залуусын тухай мэдээлэл авч билээ. Хар тамхи гээч юм хүнийг мансууруулж, нэг орчихвол гардаггүй юм гэнэ лээ гэж сонсож л байсан. Хүүхэд залуусын мансуурлын талаар, хар тамхи Монголд дэлгэрч байгаа тухай төр, засгаас дорвитой арга хэмжээ авсангүй.
Дэлхий нийтэд хар тамхи, мансууруулах бодисыг Цагаан тахал хэмээн нэрлэдэг. Энэ тахал Монголд хурдацтай тархсаар байлаа. Тэмцдэг нь цагдаагийнхан, төрийн бус байгууллагын хэдэн хүн. Сүхбаатар дүүргийн цагдаагийнхан мөн хэдэн залууг баривчилдаг юм байна. Тэд муур, нохой мэт амьтдыг шон, барилгын хананд савж алдаг байсан нь олныг цочоосон. Ийм харгис үйлдлээ мансуурсан үедээ хийдэг байснаа тэд хүлээжээ. Харин төр, засаг таг хэвээрээ. Монгол Улс хар тамхи, мансууруулах бодис дамжин өнгөрдөг бааз болж буй тухай ярих болов. Дэлхийн жишгээр бол хар тамхи, мансууруулах бодисын дор хаяж 10 хувийг дамжин өнгөрүүлж байгаа улсдаа авлига, шагнал, хэрэглээ маягаар үлдээдэг гэдэг юм билээ. Хэдий хэмжээний ийм бодис манайхаар дамжин өнгөрснийг бид мэдэхгүй. Гэхдээ дээрх тоо үнэн бол цөөн монголчуудад хангалттай.
Цагаан тахалтай холбоотой гэмт хэрэг нэмэгдэж, монгол иргэд хар тамхи зөөж, хэрэглэж, харьд олноороо баривчлагдах болсон өнгөрсөн жилээс энэ асуудлыг Монголд тулгарч байгаа нэг хурц асуудал гэдгийг Төрийн хэмжээнд хүлээн зөвшөөрөв. Гэтэл цөөн монголчууд энэ тахалд хэдийнэ нэрвэгдсэн байв. ҮАБЗ-ийн гаргасан мэдээллээр хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж буй монголчуудын тоо аль хэдийнэ 16000-д хүрчээ. Нэг хэрэглэгчийн ард дөрвөн хүн байдаг гэвэл Монголд 64000 мансуурагч байх нь. Ийм тооны хэрэглэгчдын дийлэнх нь 12-28 насныхан гэхээр Монголын ирээдүй мансуурсан харагдахгүй байна гэж үү? Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж үзсэн 100 хүний тав нь л энэ хорт зуршлаас татгалздаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Тэгэхээр дээрх 64 мянган хэрэглэгчийн 320 нь л цагаан тахлаас ангижрах нь. Харин үлдсэн нь тахалтайгаа зууралдсаар үлдэнэ гэхээр Монголын хувьд сүйрэл биш гэж үү. Хамгийн түгшүүртэй нь мансуурагчдын эгнээнд шинээр орж иргсэдийн 80 хувь охид. Монголын хүн амын нөхөн үржихүйн гол цөм болох охид цагаан тахлаар ийнхүү өвчилж байна.
Хар тамхи хэрэглэгчид буурч байгаа юу гэвэл үгүй. Бас нэг баримт дурдъя. 2010 онд хар тамхи хэрэглэгчдийн тоо өнгөрсөн жилээс гурав дахин нэмэгдсэн гэсэн судалгааг нэг байгууллагаас гаргажээ. Тэгвэл энэ оны эхний арван сарын байдлаар 20 шахам хэрэгт 60 гаруй хүн холбогдоод байна. Тэд бол хэрэгт холбогдогчид. Цаана нь хэрэглэгчид бий. Хүний уураг тархи, мэдрэлийн системд нөл өөлдөг энэ бодисыг зугаа цэнгэл болгож нэг хэсэг нь хэрэглэдэг байх. Олонх нь цаад хор уршгийг нь мэдэлгүй шохоорхож байгаад түүндээ бүрмөсөн татагддаг. Өвчин зовлонгоо түр ч атугай мартах гэсэн нэг хэсэг нь энэ замыг сонгож байгаа нь нууц биш. Хэвлэлд арав, хорин мянган төгрөгөөр ярилцлага өгнө. Тариа, өвс авахад зарцуулах гэж байгаагаа нуухгүй. Дээрээс нь манай хоёр хөрш хар тамхи, мансууруулах бодисын борлуулалтын хамгийн том зах зээл болсон.
ОХУ-д гэхэд 1,6-1,8 сая хүн идэвхтэй хэрэглэгч байгаагийн дийлэнх нь манайтай залгаа Буриад, Эрх үү, Чита мужид байна. Энэ мужид монголчууд хамгийн ихээр зорчдог. Хятадтай ярих юм биш. Хэдэн сая хэрэглэгч нь өлсгөлөн бар шиг юуг л бол юуг тасчин хаяхад бэлэн байна. Тус улсад 2009 онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 700 гаруй мянган хэрэг гарч, нэг сая шахам хүн баривчлагдан, 30 мянга шахам тонн хар тамхи хураан авчээ. Ази, Европыг холбосон мафийн том сүлжээ энэ улсад төвлөрдөг. Энэ мафийн хямдхан өгөөш нь монголчууд. Хятадад 40 гаруй монгол хүн хар тамхины хэргээр баривчлагдаж, 10 гаруй нь ял эдэлж байгаагаас тал нь цаазаар авахуулахдаа тулаад байна. асуудал болоод байгаа энэ тахлын өмнө монголчууд бид бууж өгөхөд ойрхон боллоо. Ерөнхийл өгчийн ивээл дор өнгөрсөн онд хийсэн Иргэний танхимын уулзалтыг эс тооцвол энэ талаар ярихаас өөр юу ч хийсэнгүй гэхэд болно.
Хууль, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох, ялын бодлогоо чангатгах, Үндэсниий хөтөлбөр боловсруулах асуудал таг чиг. Цөөнхөн иргэн маань цагаан тахлаар халдварлаад зогсохгүй өвчилж эхэлснийг дээр, доргүй л мэдэж байгаа. Монголд ДОХ-ын тэсрэлт болж байна. ХХI зууны тахал эл өвчин 20 жилийн өмнөөс дуулдаж эхэлсэн бол өнөөдөр бараг өдөр бүр бүртгэгдэх болов. Яг үүн шиг хэдхэн жилийн дараа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн тэсрэлт болоход үгүй гэх газаргүй. Монголын аймшиг болох энэ замаас зайлсхийх бодлого бидэнд харин алга байгаа нь энэ цагийн эмгэнэл мөн.