Улсын хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд хүн амины 2-3 хэрэг гарчээ. Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд тус бүр нэг хүн мэсэнд өртөж амиа алдсан байна. Цагдаагийн байгууллагын шалгалтаар Сүхбаатар дүүрэгт гарсан хэрэг хүн аминых болох нь батлагдсан бөгөөд сэжигтнийг эрэн сурвалжилж байгаа аж. Өмнөговь аймагт гарсан хэрэг ч ахуйн хүрээний архидалтаас үүдэлтэй, эзэн холбогдогч нь тодорхой болсон гэдгийг аймгийн Цагдаагийн газрын эх сурвалж мэдээллээ.
Мөн Хэнтий аймгийн Дадал суманд ахынхаа амь насыг хөнөөж, зугтсан хэрэг гарсан байна. Тус суманд амьдардаг Б-гийнд Улаанбаатар хотоос эцэг нэгтэй дүү Н нь очжээ. Ах, дүү нар нийлж, архидаж байхдаа дүүдээ ухамсрын шанаа хүртээсэн гэнэ. Энэ үед дүү нь уурлан, ахыгаа хутгалжээ.
Үхлийн шарх авсан Б-г дүү нь сумын Эрүүл мэндийн төвийн хаалгаар оруулчихаад алга болсон гэнэ. Энэ хооронд ах нь амиа алдаж, Н сумын төвөөс гарч, явган зугтсан байж. Сэжигтэн этгээд зэвсэглэн зугтсан мэдээллийн дагуу аймгийн Цагдаагийн газраас томилогдсон тусгай бүлгийн алба хаагчид энэ сарын 9-ний 07.00 цагийн үед Дадал сумын төвөөс урагш 30 км-т орших Угалзарын адаг гэх газарт сэжигтэн явж байхыг олжээ.
Түүнийг баривчлах үед Н “Тоз-8” маркийн буугаа сумлан цагдаагийнхныг угтсан гэнэ. Тусгай бүлгийн алба хаагчид түүний дээгүүр хий буудан, буугаа хаяж, зэвсгээсээ холдохыг анхааруулж, гэмт этгээдийг баривчилжээ. Сэжигтэн Н биедээ гурван хайрцаг сумтай явсныг хураан авсан байна.
Г.РАВЖАА