Амралтын өдрүүдэд хулгайн 18 хэрэг гарч, иргэд халаас, хэтэвчнээсээ их хэмжээний мөнгөө алджээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутагт нэг иргэн машиндаа гар утас, хэтэвчээ үлдээснээр, “Samsung” маркийн болон “Нокиа” загварын хэд хэдэн гар утас, 690 мянган төгрөгөө алдсан байна. Мөн Баянгол дүүрэгт иргэн Б хэтэвчнээсээ 940 мянган төгрөгөө халаасны хулгайч нарт алджээ.
Халаасны хулгайч нарын үйлдэл, арга нарийсаж иргэдийг хохироох явдал улам гаарах болсон нь өнгөрсөн бямба гаригт гарсан нэг хэргээс харж болох нь. Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг, Урт цагааны гудамжинд явж байсан нэг эмэгтэй хэтэвчтэй 160 мянган төгрөг, банкны картуудаа алджээ. Урт цагааны гудамжаар явж буй хүмүүсийг дагаж, анхаарлыг нь ямар нэг байдлаар сарниулж байгаад эд зүйлийг нь хулгайлдаг бүлэг энэ хэргийг үйлдсэн бололтой.
Гэмт этгээдүүд хохирогчийн ХААН банкны картан дахь 800 мянган төгрөгийг “Хөтөл” супермаркетийн кассанд уншуулж авсан байжээ.