Монголын түүх соёл, эд өлгийн зүйлсийг харийнхан ашиг хонжоо олох хэрэгсэл болгосоор байгааг манай сонин байнга мэдээлдэг. Үүний үр дүнд яам, тамгын газрынхан зарим эд өлгийн зүйлсээ хүний гарт орохоос нь өмнө авчирсан.
Тухайлбал, одоогоос 20-иод жилийн өмнө ХБНГУ руу сэргээн засварлахаар авч яваад сураггүй болсон Үйсэн дээрх бичээсийг БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, Соёлын газрын дарга Б.Наранзун нар шаргуу хөөцөлдсөний дүнд хэдхэн хоногийн өмнө авчирч, Үндэсний номын санд залаад байгаа билээ.
Монголын нутгаас хууль бусаар хил давуулсан Тарбозавр батаарын араг ясыг эх оронд нь буцаах эцсийн шийдвэр ирэх сарын 15-нд АНУ-д болох шүүх хурлаас гарах нь тодорхой болсон.
Манай улсын музейн сан хөмрөгийг тоолох ажил өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн. Гэвч тооллого хэлбэр төдий болж, музейн ажилтнуудаар өөрсдөөр нь тоолуулж, дүн мэдээг нь утсаар авч халтуурддаг арга барил өмнөх тооллогуудын үеэр ажиглагдсан. 2008 оны тооллогоор Эрдэнэзуу музейгээс 21 бурхан алдагдсан, солигдсон зөрчил гарсныг мэргэжлийн хяналт, тооллогын комисс мэдээгүй өнгөрсөн гэдэг. Харин ҮАБЗ, Тагнуул, Эрүүгийн цагдаагийнхан дахин тооллого явуулж, Эрдэнэзуу музейн сан хөмрөгч Ю.Баяраа түүх соёлын хосгүй үнэт 21 бурхныг хуурамчаар сольсныг мэдсэн түүхтэй.
Иймэрхүү жишээ цөөнгүй бий. Тухайлбал, Монгол цэргийн музейд хадгалж байсан Чингис хааны байлдан дагууллын үе буюу XIII зууны үед хамаарах түүх соёлын хосгүй үнэт бүтээлд тооцогдох саадаг, хусан сум алга болжээ. Түүнийг алга болгоход тус музейн захирлын улстөржсөн томилгоо, ажилтнуудын хариуцлагагүй байдал холбоотой болох нь УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнуудын явуулж буй шалгалтаар тогтоогдож буй гэнэ. Тус музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.А гэх залуу 2009 онд Дорнод аймагт болсон Буриад сур харвааны наадам, үзэсгэлэнд 10 гаруй хусан сумтай, үйсэн саадгийг авч явжээ. Тэрбээр арга хэмжээнд оролцоод микроавтобусаар буцсан байна. Цагдаагийнханд Г.А “Би микроны дээд талын ачаанд сум, саадгийг өгч ачуулсан. Гэтэл Улаанбаатарт ирээд авах гэтэл алга болсон байсан. Энэ тухайгаа Дорнод аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөлдөө бичсэн” гэж тайлбарлажээ.
Ийнхүү ноцтой хэрэг өдүүлсэн Г.А-д тус музейн хуучин удирдлага хариуцлага тооцолгүй өдийг хүрсэн байна. Энэ хооронд Г.А ээлжийн амралтаа аваад ажилдаа эргэж ороогүй бөгөөд харин ч албан тушаал дэвшиж Соёлын өвийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан болжээ.
Г.ЦОЛМОН