Байгаль орчин сүйтгэгч нинжа хэмээгчид Монголд бий болсон цагаас хойш тэдэнтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил гарсаар ирсэн. Гэвч цагдаагийн байгууллагад нинжа буюу гар аргаар ашигт малтмал олборлогчидтой холбоотой гэмт хэргийг бүртгэж тэмдэглэсэн зүйл байдаггүй аж. Учир нь нинжа нар ч гэсэн хүн учраас тэдний өдүүлсэн, эсвэл хохирсон хэргийг бүртгэгдсэн гэмт хэргийн төрөлд оруулж тооцдог юм байна.
Нинжа нар Монгол Улсын газар нутгийг экологийн доройтолд оруулж буй гэмт хэрэгтнүүдийн нэг хэсэг гэж үзэхэд болно. Яагаад гэвэл тэд алтны судал илэрсэн эрүүл газрыг онгичиж, хөрсийг нь эргүүлдэг. Түүнчлэн тэд байгалийн баялаг, алт олборлосны татвар гэж сохор зоос ч төлдөггүй. Үүнээс үзэхэд яалт ч үгүй гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж буй.
Харамсалтай нь манайд мөрдөж буй Эрүүгийн хууль, бусад хууль тогтоомжоор тэдний өдүүлсэн хууль бус ажиллагааг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хариуцлагаас чөлөөлдөг. “Нинжа нарыг ашигт малтмал хууль бусаар олборлосон гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэхэд мэргэжлийн хяналтын байгууллагынхан “Энэ хүмүүсийн учруулсан хохирлыг тогтоох, тооцох боломжгүй. Ухсан нүхнээсээ тэд алт олборлосон ч юм уу, үгүй ч юм уу, олборлосон бол хэдий хэмжээгээр авсан зэргийг тогтоох аргагүй” гэж тайлбарладаг. Тиймээс гэмт хэргийн бүрэлдэхүүн болж чаддаггүй. Ингээд хэргийг хааж, нинжа нар өөр газарт очиж, хууль бусаар алт олборлож байна” хэмээн цагдаагийн нэг ажилтан өгүүлсэн. Энэ байдлыг зогсоохын тулд шинэчлэн найруулж буй Эрүүгийн хуульд зохих заалт оруулахаар цагдаагийн байгууллагаас санал оруулаад байгаа гэсэн. Хэрхэн шийдэгдэх нь хууль тогтоогчдоос шалтгаалах биз.
Газар нутгаа хамгаалсан иргэд, сумын удирдлага, нинжа нарын хооронд маргаан дэгдэж, буу шийдэмдээ хүрсэн тохиолдол Говь-Алтай аймагт гарч байсан. Тус аймгийн Дарви суманд нинжа нар цуглаж, алт олборлож эхлэх үед нь сумын Засаг дарга хууль бус ажил лагааг таслан зогсоохоор зохих шаардлага тавьсан ч биелүүлээгүй тул сүүлдээ арга буюу зэвсэг хэрэглэж буудсан гэдэг. Энэ үед нь гар аргаар алт олборлогч нэг эр оногдож амиа алдсан харамсалтай тохиолдол гарсан. Энэ мэтээр дурдвал нинжа нар гэмт хэргийн золиос, гэмт хэрэг үйлдэгч болох нь хэвийн үзэгдэл. Нинжа нар анх цугларсан нутаг гэвэл Төв аймгийн Заамар сум. Хэдийгээр тэнд цугласан нинжа нарыг цагдаагийн хүчээр тараасан ч өнөөдөр тэнд гар аргаар алт олборлогч 2500 орчим иргэн байна. Тэнд байдал ямар байгаа талаар статистик мэдээлэл олж авсан юм. Заамар сумын Хайлааст багийн 5000 орчим иргэний 50 хувь нь нинжа. Тэдэнтэй холбоотой өргөдөл, гомдол тус сум дахь Цагдаагийн хэлтэст жилдээ 400 орчим ирдэг аж. Өргөдөл, гомдлын дийлэнх хэсгийг зам тээврийн осол, хэрэг эзэлдэг гэнэ.
Нинжа нар ихэнхдээ БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль унадаг. Түүндээ металл хайгч төхөөрөмжөө ачин явдаг гэнэ. Мотоцикльтой нинжа нарын олонх нь хамгаалах хэрэгсэлгүй, жолоодох эрхийн үнэмлэхгүй гээд янз бүрийн зөрчил гаргадаг аж. Түүгээр ч зогсохгүй бүрэн бус мотоцикльтой явж байгаад нүхэнд унах, мөргөлдөж гэмтэх, амиа алдах явдал хамгийн олон гардаг юм байна. Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, үнэмлэх бичиг баримтгүй явсан 100 гаруй хүний эрхийг хасах, баривчлах захиргааны шийтгэл ногдуулжээ. Заамар суманд согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэргийн 80 хувь нь нинжа нартай холбоотой байдаг гэнэ. Нинжа нар архи ууж согтуурсны улмаас жилдээ хүн амины 2-3 хэрэг үйлддэг юм байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нь л энэ. Бүртгэгдээгүй хэчнээн байгааг таахад бэрх. Нинжа нар гэмт хэрэг, золгүй явдлын золиос болох нь түгээмэл байдаг аж. Дээрх суманд энэ оны эхний 10 сард гэхэд гэмт хэрэг, золгүй явдлын золиос болж 70 хүн гэмтсэн байна.
Ихэнх нь нинжа болох гэж тус суманд очоод бусдын ухсан нүх рүү дураараа орсноос, эсвэл таньж мэдэхгүй газар ганц нэгээрээ очсоноос зодуулж гэмтсэн байх юм. Мөн ажиллах туршлага дутсанаас, золгүй тохиолдлоос болж шороонд даруулж гэмтдэг аж. Тус суманд гарч буй хулгайн хэргийн ихэнх нь нинжа нартай холбоотой байна. Гар аргаар алт ухаж мөнгөтэй болох гэж очоод, ажлаа хийж чадахгүй, хүчрэхгүй болохоор амар хялбар аргаар мөнгөтэй болж, нутаг буцах гэсэн хүмүүс хулгай хийдэг аж. Хулгайн хэрэгт холбогдсон нинжа нарын олонх нь нөгөө нинжагийнхаа олсон жаахан алтыг хумсалдаг, эсвэл тухайн орон нутгийн айл өрхийг түйвээж, өнгөтэй өөдтэйг нь авдаг гэнэ. Түүгээр зогсохгүй нинжа нар бие биенээ залилан мэхлэх хэрэг Заамарт 4-5 удаа гарчээ. Зөвхөн Төв аймгийн Заамар суманд энэ оны эхний 10 сард гарсан нинжа нартай холбоотой гэмт хэргийн статистик ийм байна.
Г.ЦОЛМОН