Айлын адууг азаргаар нь хулгайлж хотыг нь харлуулсан хэсэг гэмт этгээдийг Эрүүгийн цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн болон Төв аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд өнгөрсөн долоо хоногт илрүүлэн баривчилжээ. Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн малчин Н-ийн хар, бор азаргатай 66 тооны адууг өнгөрсөн сарын 26-ны шөнө тус сумын харьяат У гэх залуу хулгайлан Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг, Давааны энгэр гэдэг газарт тууж хүргэсэн байна.
Энэ үед түүний хамсаатан Б, М нар тосож, маргааш нь найман адууг нь нядалж, борлуулжээ. Үлдсэнийг нь У тууж, Богд уулын Богинын аманд гурав хоног манаж хоносон байна. Энэ үеэр тэрбээр дөрвийг нь нядалж зарсан гэнэ. Ингээд энэ сарын 5-нд үлдсэн 54 адуугаа тууж, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Замчдын гүүрний орчимд нутаглаж байсан Л-ынд хүрчээ. Тэд Авдрантын шоронд хамт ял эдэлж байсан бөгөөд гурван адууг нь Багануурын махны ченжүүдэд борлуулсан байна. Мөрдөн байцаалтын явцад Б, У нар хэрэг гарахаас гурав хоногийн өмнө уулзаж, Н-ийн адууг хулгайлах талаар тохиролцсон нь тогтоогдсон байна. ЭЦГ-ын V хэлтэс болон Төв аймгийн Цагдаагийн газраас томилогдсон Ажлын хэсгийнхэн 66 адуунаас 51-ийг нь хохирогч Н-д хүлээлгэж өгчээ.
Г.ЦОЛМОН