Хятадын төв телевизийн Өвөрмонгол дахь салбарын сурвалжлагчаар ажилладаг Вэй Хун Ванг гэгч манай улсад “Хун Лиан” нэртэй компани байгуулж, БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль оруулж ирж худалддаг байжээ. Тэрбээр манай улсын гаалийн болон бусад төрлийн есөн тэрбум төгрөгийн татвараас зайлсхийснийг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлж, УМБГ-т шалгаж эхэлсэн.
Хэргийн мөрдөн байцаалт хараахан дуусаагүй байгаа бөгөөд шинжээч нар нарийвчилсан дүгнэлт гаргахаар ажиллаж буй гэнэ. Тус компанийн захирал Вэй Хун Вангийг УМБГ-т шалгаж байхад АТГ-аас түүнд дахин нэг эрүүгийн хэрэг үүсгэжээ. Бидний авсан мэдээллээр бол тэрбээр Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н гэгчид их хэмжээний авлига өгсөн байж. Энэ нь хууль хяналтын байгууллагын шалгалтын үеэр илэрчээ.
Татварын байцаагч Н “Хун Лиан” компанийн удирдлагаас авлига авч, татварын өр төлбөргүй гэсэн дүгнэлт гаргаж өгч байсан гэнэ. Өдгөө татварын байцаагч Н болон Вэй Хун Ванг нарыг авлига авч, өгсөн, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 166, 268, 269 дүгээр зүйлд зааснаар яллагдагчаар татаад буй.
Г.РАВЖАА