МҮБХ-ноос өчигдөр хэвлэлийн хурал зарлаж, сэргээш хэрэглэсэн хэмээн шинжилгээний хариу нь гарсан бөхчүүдийн нэрийг албан ёсоор зарлалаа.
МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж “Энэ жилийн Үндэсний их баяр наадамд барилдаж шөвгөрсөн улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Б.Сугаржаргал нар сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэсэн нь батлагдсныг Допингийн эсрэг үндэсний тө вөөс ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн бид албан ёсоор зарлаж байна. Сэргээшийн шинжилгээний талаарх дүгнэлтийн нэг хувийг Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн. Эдгээр бөхөд ямар шийтгэл хүлээлгэхийг Баяр наадмыг зохион байгуулах хороо шийддэг. Гэвч тэд шуурхай арга хэмжээ авч, шийдэхгүй байна. Тус хороог Шадар сайд ахалдаг. Шинэ Шадар сайд томилогдсоноор шинээр хороо байгуулагдах болоод байгаа гэж мэдэгдлээ.
Мөн Дундговь аймгийн баяр наадамд аймгийн арслан цол олгосон тухай асуудлыг хөндөж, уг цолыг хүчингүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Энэ үеэр танхимд улсын арслан Х.Мөнхбаатар орж ирэв. Тэрбээр “Би “А” сорьцын шинжилгээний хариу гарсны дараа Р.Нямдорж тэргүүнд хандаж, шинжилгээний дүн ийм гарсан байна. Би энэ жилийн сар шинийн барилдааны үеэр улсын аварга С.Мөнхбаттай барилдаж байгаад баруун мөрөндөө гэмтсэн. Түүнийгээ эдгээхийн тулд эмийн сангуудаар худалддаг “Чилийсэн палийсан” гэдэг эм уусан. Тэнд нь гормон өндөрсүүлэгч бодис байдаг юм билээ. Түүнээс өөр эм огт хэрэглээгүй. Тиймээс би уг эмэнд агуулагдсан бодис нь сэргээшийн төрөлд багтаж буй эсэхийг “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт шинжлүүлсэн.
Гэтэл Р.Нямдорж тэргүүн “Наадах чинь хүчингүй” гэхээр нь БНСУ-д өөрийнхөө зардлаар очиж, уг эмийг шинжлүүлээд дүгнэлтийг нь гаргуулъя гэсэн. “Чилийсэн палийсан” эмийн шинжилгээний дүн 10-14 хоногийн дараа ирнэ. Тиймээс сэргээш хэрэглэсэн гэх бөхчүүдийн асуудлыг зарлахаа түр хүлээзнээч гэж Р.Нямдорж тэргүүнээс бичгээр хүссэн юм. Гэвч хүсэлтийг маань хүлээж авсангүй. “Чилийсэн палийсан” эм нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, шар хайрцагтай эм байдаг.
Р.Нямдорж: Допингийн үндэсний төвөөс мэргэжлийн холбоо, Баяр наадмыг зохион байгуулах хороонд дүгнэлт ирэнгүүт 10 хоногт багтаан зарлах ёстой. Х.Мөнхбаатарын надад сэргээшийн төрлийн бодисын жагсаалтад “Чилийсэн палийсан” гэдэг эм ороогүй гэсэн долоон хуудас материал нь Х.Мөнхбаатарыг сэргээш хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Харин болгоомжгүй хэрэглэсэн гэж үзэж хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болно. Би хуулийн дагуу энэ бөхчүүдийн нэрийг зарлаж байна. Х.Мөнхбаатарын Солонгосоос ирэх шинжилгээний хариу ач холбогдлоо алдаагүй гэв. Үүнээс хойш МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, улсын арслан Х.Мөнхбаатар нарын дунд үл ойлголцох байдал үүсэж, маргаан дэгдлээ. Улмаар Х.Мөнхбаатар МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж найрааны 70 сая төгрөг өгөхийг завдсан гэж мэдэгдсэн нь даарин дээр давс нэмэв.
Х.Мөнхбаатар: Р.Нямдорж гэдэг хүн намайг нүд үзүүрлэж байгааг олон жил тэсч, тэвчиж ирлээ. Нүд үзүүрлэж ирсэн шалтгаан нь түүний хүсэлтийг би хүлээж аваагүйтэй холбоотойгоор намайг хавчиж байна. 2007 оны Үндэсний их баяр наадмаар түүний хүү улсын гарьд Н.Ганбаатар аймгийн арслан цолтой, би улсын заан цолтой долоогийн даваанд таарсныг наадамчин олон мэдэж байгаа.
Энэ үед Р.Нямдорж гуай надад ирж “Чи Ганбаатарыг дэмжээд заан болгочих, чамд 70 сая төгрөг өгье” гэсэн. Би түүний саналаас татгалзсан. Яагаад гэвэл би ард түмнээ хуурахыг хүсээгүй, шударга барилдсан. Тэгтэл “Чи яасан овоо хүүхэд вэ. Чи намайг хараарай” гэж хэлсэн л дээ. Олимп дэлхийн аваргын тэмцээний сэргээшийн шинжилгээний хариу оройдоо гардаг. Харин манай наадмынх болохоор сар гаруйн дараа гардаг нь ямар учиртай юм бэ.
Р.Нямдорж: Миний хүү яаж барилдаад цол авсныг ард түмэн мэднэ шүү дээ. Би чамд 70 сая төгрөг өгье гэж явж байх хүн биш. Миний хүү юу гэж чамаар заан болох юм бэ. Чамаас би юу гэж тоож гуйх вэ дээ. Чи өнөөдөр хэнээр үг заалгаж ирээд ярьж байгаа юм бэ. Ард түмнээс санал асуухад Р.Нямдорж хүүхдээ 70 сая төгрөг өгч цол авсан гэж ярих хүн Монголд байхгүй байх гэж бодож байна. Би хэзээ ч амьдралдаа чиний бодож, ярьж байгаа шиг бузар юм хийхгүй. Би чамайг шүүхэд өгнө. Буруугүй гэдгээ нотолно. Ингэж ярьж байгаа бол би чиний эсрэг тэмцэнэ.
Х.Мөнхбаатар: Тэг, тэг. Шүүхэд өгч болно. 2009 оны наадмыг та бүхэн санаж байгаа байх. Г.Өсөхбаяр бид хоёрын барилдаан дүрмийн бус болсныг ард түмэн харсан. Бөхийн холбооны хөлийн цэц Б.Ганбаатар арслан, улсын засуул Б.Пүрэвээ гуай нар намайг мэх хийхэд ямар ч шалтгаангүй барьж авч зогсоосон шүү дээ. Би тэр үед Г.Өсөхбаяр аваргад унаад Монгол төрийнхөө наадмыг хүндэтгээд ямар нэг гомдол санал гаргаагүй. Дараа нь албан ёсоор уучлалт хэн ч гуйгаагүй, хөлийн цэц, засуул нартаа арга хэмжээ аваагүй өнгөрсөн. 2011 оны наадмаар Говь-Алтай аймгийн харьяат улсын гарьд Ж.Бат-Эрдэнэтэй долоогийн даваанд би барилдсан. Би мэх хийгээд бид хамтдаа унасан. Миний сайн зүг баруун урд зүг гэж лам багш хэлээд би Төв цэнгэлдэхийн дэвжээний баруун урд хэсэгт барилддаг. Тэгэхэд тэнд Говь-Алтайн бөхчүүдийн дасгалжуулагч Д.Бадрах начин хаяавч хөлийн цэц хийж байсан. Бид хоёулаа босож дэвэхэд шийдвэрийг хөлийн цэц гаргах байтал хаяавч хөлийн цэц Д.Бадрах гаргасан. Би гомдолтой байгаа асуудлаар танд өргөдөл гаргаж байсан шүү дээ. Гэтэл наймын даваа эхэллээ гээд намайг унасанд тооцсон шүү дээ.
Р.Нямдорж: Миний дотны нөхөр Б.Бат-Эрдэнийн гарынх нь шавь. Энэ хүүхэд ийм байгаагүй. Чи хэнээр үг заалгаж ирээд энд ингэж ярьж байгаа юм бэ. Яаж ингэж чи хүн гөрдөж чадаж байна аа. Б.Бат-Эрдэнэ чамд ийм үг зааж өгөхгүй нь ойлгомжтой.
Х.Мөнхбаатар: Та хүргэн хүүхдээ найраагаар цол авахуулдагаа боль. Би багштай ойрд холбогдоогүй, уулзаагүй. Иймэрхүү байдлаар энэ хүн намайг ингээд байдаг юм шүү гэдгийг би ард түмэнд ойлгуулахыг хичээлээ. Хөлс хөдөлмөрөө ингэж хэлмэгдүүлэхгүйн төлөө тэмцэнэ гэлээ.
Г.РАВЖАА