Монгол-Тувагийн хил дээр өнгөрсөн ням гаригийн 05.00 цагийн үед хил зөрчигчид манай хилчдийн өөдөөс галт зэвсэг хэрэглэн, нэгийг нь шархдуулсан ноцтой хэрэг гарчээ. Энэ талаар ХХЕГ-ын ОНХА-ны дарга, дэд хурандаа Д.Баасанжаргалаас тодрууллаа.
-Завхан аймгийн хилийн 0277 дугаар ангийн хариуцсан хэсэг Монгол-Тувагийн хил дээр арваннэгдүгээр сарын 04-ний 05.00 цагийн үед хоёр морьтой хүн хил зөрчсөн ул мөрийг хилийн манаа илрүүлжээ. Ингээд заставаас томилогдсон бүлэг зөрчлийг илрүүлсэн хилийн манаатай хамтран мөрөөр нь мөшгиж явах үед хоёр морь хөтөлсөн хил зөрчигчидтэй халз тулгарсан байна.
Хилчид “Зогс, буудлаа” гэж мэдэгдэн тэднийг саатуулах арга хэмжээ авах үед хил зөрчигчид урдаас нь шууд гал нээжээ. Хилийн манаа хариу зэвсэг хэрэглэж, унасан морьдыг нь буудаж, хил зөрчигчдийг явгалсан байна. Гэвч хил зөрчигчид зугтан, ойд нуугдсан бөгөөд тэдний нэг нь ахлагч Л.Тогтмолын цээжинд буудаж шархдуулжээ.
Харин ахлагчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж байх хооронд тэд хил давсан гэнэ. Манай хилчид хилийн зөрчлийн талаар ОХУ-ын талд мэдэгдэж, отрядын шуурхай ажиллагааны бүлэгтэй хамтарсан шалгалт хийж байна.
-Шархадсан хилчний биеийн байдал ямар байгаа вэ?
-Ахлагч Л.Тогтмолд отрядын хүн эмнэлгийн албанаас анхны тусламж үзүүлж, улмаар ОХУ-аас ирсэн нисдэг тэргээр Тувагийн нийслэл Кызыл хотын эмнэлэгт хүргэсэн. Түүний бие сайжирч, амь насанд нь аюулгүй болсон тухай мэдээ авлаа.
-Хилчдийн өөдөөс эсэргүүцэж, нэгийг нь шархдуулсан хил зөрчигчид рүү нь буудаж болоогүй юм уу?
-Хэдийгээр хил зөрчигч ч гэсэн цаана нь хүний амь байгаа. Мөн Монгол, Оросын хооронд байгуулсан Хилийн дэглэмийн гэрээнд хил зөрчигчийн эсрэг амийг нь хөнөөх хэмжээнд зэвсэг хэрэглэхгүй байх талаар хоёр тал тохиролцсон заалт бий. Ер нь хуулиараа нэгэнт урдаас буудаж байхад зэвсэг хэрэглээд газар дээр нь устгах эрх бий л дээ. Гэвч манай хойд хил найрамдлын хил, нөгөө талаас Оросын хилчидтэй хамтарч ажиллаж ирсэн олон жилийн туршлага бий учир манай хилчид тэднийг саатуулах эцсийн арга хэмжээг аваагүй.
-Харин хил зөрчигчид манайхныг шууд л алах зорилгоор бууддаг юм биш үү?
-Хилчид хэзээ ч амин газарт буудах хэмжээнд зэвсэг хэрэглэхгүй гэдгийг хил зөрчигчид сайн мэддэг юм шиг байна лээ. Өнгөрсөн өвөл Увсын хил дээр мөн мал хулгайлах гэж орж ирээд саатуулагдсан тува эрээс “Хилчдээс айсангүй юу” гэхэд “Тэд ямар буудах эрхтэй биш” гэх агуулгатай зүйл ярьж байсан шүү.
-Хилчдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан ийм ноц той хэрэг өмнө нь гарч байв уу?
-Нэлээд хэдэн жилийн өмнө Хөвсгөлийн тайгад манай гурван хилчний амийг хөнөөсөн хэрэг гарч байсныг та нар мэдэх байх. Хил зөрчин мал хулгайлахаар орж ирсэн Тувагийн иргэдийг саатуулах үед зүүж явсан дурангаараа цохих, ташуурдах, хутга мэс гаргах, мод чулуугаар зэвсэглэн халдахыг оролдсон тохиолдол манай хойд хил дээр байнга шахам гардаг.
-Дээрх хил зөрчигчид ямар зорилготой манайх руу орж ирсэн нь тогтоогдсон уу?
-Ихэвчлэн мал хулгайлах зорилгоор хил зөрчин орж ирдэг. Идэшний цаг болсон болохоор ийм зөрчил олширдог юм. Энэ хил зөрчигчид хилийн ойролцоо амьдардаг айлын аргамжаатай хоёр морийг нь хулгайлаад буцахдаа манай хилчидтэй таарсан юм билээ.
-Энэ хавийн газар нутаг эрлийн ажиллагаа явуулахад хэр бэрхшээлтэй байдаг бол?
-Тайгын бүс нутаг. Эргэн тойрон ой. Зөрчил гарсан хэсгийн Оросын нутагт өргөөшөө 80 орчим километр тайга бий. Тэнд ямар ч машин техник явах боломжгүй. Тиймээс Монгол, Оросын хилчдийн хамтарсан бүлэг битүү тайгад морьтой, явганаар эрлийн ажиллагаа явуулж байна. Өнөөдрөөс ОХУ-ын тал нисдэг тэрэг ашиглаж эхэлснээ мэдэгдлээ.
-Шархадсан хилчин аль нутгийн хүн бэ. Хэчнээн жил хил хамгаалах байгууллагад алба хааж байгаа юм бол?
-Завхан аймгийн Тэс сумын харьяат. Хил хамгаалах байгууллагад найман жил ажиллаж буй туршлагатай хилчин. Эхнэр, хоёр хүүхэдтэй. Манай урдаа барьдаг хилчдийн нэг байгаа юм.
Г.ЦОЛМОН