Махны нийлүүлэлт тогтвортой байхад үнэ нь хаданд гарч, мах магнаг болсон хэвээр. Уг нь наадмын дараа махны үнэ хямдардаг байсан ч энэ жил огт буурсангүй. Энэ нь нөөцийн мах бэлтгэгчдийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой аж. Нөөцийн мах бэлтгэдэг компанийнхны хууль бус үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлэн шалгаж эхэлжээ. Багахангай дахь нийслэлийн өмчит мах боловсруулах үйлдвэрийн дэд захирал нь мах бэлтгэх нэрээр төсвөөс нэг тэрбум төгрөг авч, ах дүү, хамаатан садан, ажилчдадаа тараан өгчээ. Дараа жил нь болоход мах бэлтгэж чадаагүй хэмээн мөнгийг нь буцааж төсөвт өгдөг гэнэ.
Бүтэн жилийн хугацаанд төсвийн мөнгийг нь нэг хувийн хүүтэй хадгаламжинд хийхэд тодорхой хэмжээний ашиг өөрсдөд нь унаж таарна биз дээ. Үүнээс гадна хуурамч гүйцэтгэлээр ч мөнгө завшсан байна. Тухайлбал, Багахангай дахь мах боловсруулах үйлдвэр энэ онд 200 гаруй тонн мах бэлтгэх ёстой байж. Мах бэлтгэх хугацаа дуусахад тус компани 142.9 тн-ыг бэлтгэжээ. Хамгийн багаар бодоход тус компани 37 тн мах дутуу бэлтгэсэн хэрнээ мах бэлтгэсний урамшууллаа авчихсан байх юм. Тэд нийслэлийн төсвөөс 30 гаруй сая төгрөг авсан гэнэ.
Төрийн, татвар төлөгчдийн мөнгийг ийн завшсан байна. ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн мах бэлтгэгч бусад компанийг шалгахад хуурамч гүйцэтгэлээр, баримт (падаан) засах зэргээр мөнгө завшиж байсан нь илэрчээ. Тухайлбал, зарим компани 80 тн мах бэлтгэсэн падааныг засаж, нэг (1)-ийн тоо нэмж бичээд 180 тн болгосон байж. Уг нь нөөцийн мах бэлтгэгч нартай гэрээ хийхдээ тухайн оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө бэлтгэн, лацтай агуулахад хадгалахаар тусгасан байдаг аж. Гэтэл зарим компанийн удирдлага мөнгийг нь авчихаад өөр хүний бэлтгэсэн махыг үзүүлж, урамшуулал авч байжээ. Мөн нэг компани ямар ч мах бэлтгээгүй хэрнээ шалгалтын сургаар “Хүчит шонхор” захад хөдөөнөөс дөнгөж орж ирсэн махыг ченжүүдээс бөөнөөр нь их хэмжээгээр авч, үнийг хөөрөгдсөн нь ч тогтоогдсон байна.
Г.РАВЖАА