Цахим мэдээллийн сайтуудад шинэчлэл хийгдэн хууль бус үйл ажиллагаатай болон садар самууныг сурталчилсан мэдээллийн сайтуудыг хаах арга хэмжээг ШӨХТГ болоод Монголын Мэдээлэл харилцаа холбооны газартай хамтран явуулсан. Дээрх үйл ажиллагаанд монголын нөлөө бүхий зарим цахим мэдээллийн сайтууд багтан хаагдах арга хэмжээг авагдсан байна. Тэдний дунд Zaluu.com-ын нэр “цохиж” яваа.
Тус сайт нь өөрийн гэсэн сэтгүүлчгүйн дээр редакцгүй, цаашлаад бусдын мэдээг шууд хуулбарладаг. Эл асуудал нь холбогдох байгууллагынхны шалгалтаар илэрч хаагдсан. Гэтэл хууль бус үйл ажиллагаа явуулан хаагдсан тул сайтынхан мөн л хууль бус үйлдлийнхээ аргыг өөрчлөн “Сити нэт”-ийн интернэтэд нэвтрэх тусгай зөвшөөрлийг ашиглаж үргэлжлүүлэн нууцаар ажилласаар байна.
Өөрөөр хэлбэл тэд “Сити нэт”-ийнхэнтэй хуйвалдаж, туслах домейн нэрээрээ орж байна. Уг нь “Ситинэт” нь монголын томоохон интернэтийн компани боловч ийнхүү хууль бус үйлдлийг өөгшүүлэн, тус сайтын серверийг бүрэн унтраалгүй, төрийн томоохон байгууллагуудын шийдвэрийг үл тоон, хуулиас дээгүүр гишгэж байгаа нь тоогүй. Толгой нь хөлөө олохгүй бол хөл нь яаж толгойгоо олох билээ.
Хэрвээ энэ хууль бус үйлдлийг цаашид дэмжсээр байвал тус компанид хариуцлага тооцоход гэмгүй биз. Түүгээр ч барахгүй энэ мэт хууль зөрчиж, гаргасан шийдвэрийг юман чинээ бодохгүй байгаа том толгойтнуудтай шууд тусгай зөвшөөрөлтэй нь ярьвал яасан юм бэ. Тэгэхгүй бол бид Оюуны өмч гэж хэчнээн чарлаад ч энэ мэт хууль завхруулагчидаас ямар ч амжилтанд хүрч чадахгүй. Өнөөдөр таны бүтээсэн бүтээлийг маргааш нэг хүн минийх гээд зогсож байхад юу ч хийж чадахгүйд хүрнэ шүү дээ.