Хууль зүйн яам, ШШГЕГ, ХЗХ-ны хохирогчдын холбооноос өчигдөр мэдээлэл хийлээ. ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулахаар Ерөнхий сайдын үүрэг өгсний дагуу Хууль зүйн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг хоёр долоо хоногийн өмнө байгуулагдаж, чамлахааргүй үр дүнтэй ажилласан талаар тэд ярьж байна. Хэвлэлийн хурлын үеэр тэд сэтгүүлчдийн асуултад ийн хариулсан.
-Хохирол барагдуулах ажил ямар шатандаа явна вэ?
ХЗЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл,
-Хоёр долоо хоногийн хугацаанд хэд хэдэн ажил хийлээ. Энэ хүмүүсийн асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэх бүрэн боломж байжээ гэсэн дүгнэлт хийлээ. Нуугдмал хөрөнгийг эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Бас нэг ноцтой асуудал нь эд хөрөнгийг худалдан борлуулсан шийдвэрүүд хууль бус байх магадлалтай, эргэлзээтэй байна гэж үзсэн. Эрүүгийн цагдаагийн газар, ШШГЕГ-ынхантай хамтран үүнийг судалж байна. ХЗХ-ны нэр дээр байсан таван лиценз алга болсон гэсэн асуудлыг хохирогчид тавьсан юм билээ. Энэ лиценз үүд хаагуур байршилтай хэний өмчид байсныг бид тогтоосон. Үүнийг сэргээх асуудлаар Ерөнхий сайдад хүсэлт тавихад нааштай хариу өгсөн. Энэ нь хохирогчдын төлбөрийг барагдуулахад зарцуулах мөнгөний нэлээд сайн эх үүсвэр болно. Барилга байшинг маш хямд үнээр худалдлаа, цөөн хүмүүс бүлэглэж энэ үйл ажиллагааг явууллаа гэж хохирогчид удаа дараа гомдоллож иржээ. Үүнийг мөн судалж байна.
-Их хэмжээний хөрөнгө алга болсон гээд байгаа. Яг хэдий хэмжээний хөрөнгө ямар хүний гараар орж үрэгдсэн юм бол?
“Глоб кредит” ХЗХ-ны хохирогч С.Дорждулам,
-2006-2007 онд хадгаламж зээлийн 22 хоршоо дампуурахад бид 43 тэрбум төгрөгийн хөдлөх болоод үл хөдлөх хөрөнгө, төгрөгийн зээлдэгчдийн 14 тэрбум, нийт 66 тэрбум төгрөгийн эд зүйлийг Төрд хүлээлгэж өгсөн. Тэр үед Төрөөс ХЗХ-ны төлбөрийг барагдуулах Ажлын алба байгуулсан. Энэ албанд тэр хөрөнгө төвлөрсөн. Гэтэл одоо тэр 17 тэрбум болчихсон байгаа юм. 50-иад тэрбум төгрөг алга болсон гэсэн үг. Хууль гаргаад Төрөөс нэг удаа эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хохирогчдод 50 хувийг нь төлсний дараа Төр тэр хөрөнгийг авсан. Төрийн албан тушаалтнуудын гарын салаагаар урсаж, үнэгүйдэж, үрэгдээд, хямд зарагдаад алга болсон учраас бидний хөрөнгө завшигдчихлаа гэсэн гомдол гарах болсон. 43 тэрбумын хөрөнгө байсан л гээд байна. Үнэлгээ нь бодитой байсан уу, үгүй юү. Тэр хөрөнгийг улсад татан төвлөрүүлс өн юм уу, ямар хүн үүнийг авчихаад байгаа юм бэ гэдгийг бид өнөөдөр л шалгуулах гээд байгаа биш шүү дээ. Маш олон удаа энэ талаар гомдол тавьж явсан.
-Төрөөс хохирлынх нь 50 хувийг барагдуулсан 9000 иргэн байгаа гэж байна. Одоо яг хэдэн төгрөг гаргавал энэ хүмүүсийн хохирол барагдах вэ?
-31.6 тэрбум төгрөг. Бид ШШГЕГ-т хүсэлт тавьж, зарагдсан нийт хөрөнгийн жагсаалтыг авсан.
-30 тэрбумыг өмнө нь та нарт Төр төсвөөс гаргаж өгсөн. Ерөнхий сайд одоо бас дахин мөнгө гаргаж өгөх тухай ярьж байна. Одоо ард түмний халааснаас дахин мөнгө өгнө гэвэл бүгд л дургүйцэж таарна даа?
-Төрөөс 33 тэрбум төгрөг гаргасан нь үнэн. Гэхдээ энэ мөнгө бол эргэн төлөгдөх нөхцөлтэй. Татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг авахгүйгээр ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулах бүрэн боломжтой. Тэгж яривал Төрд харин ч ашигтай байсан. 43 тэрбум төгрөгийн хөрөнгө өгөөд дээр нь зээлдэгчдийн 14 тэрбум төгрөгийн авлага байсан. Нийлээд 57 тэрбум төгрөг. Энэ хэргийн цаана жинхэнэ авлига хээл хахуулийн асуудал байгаа. Тэр үед зориуд луйвар хийх сүлжээ байгуулсан. Хуулийн байгууллагууд нь хүртэл өөрсдөө луйвардсан. Тухайн үеийн албан тушаалтан өөрийнхөө хувийн банкинд мөнгө татан төвлөрүүлэх зорилгоор арилжааны банкуудыг дэмжиж, хадгаламж зээлийн хоршоодыг зориуд чадамж султай болгож, цоорхой хууль баталсан. Тэгснээр хадгаламж зээлийн хоршоог хүчээр дампууруулсан шүү дээ. Төрийн байгууллагууд өөрсдөө тэр луйварт нь оролцож мөнгө шамшигдуулсан. Төр уучлаарай гэж хэлээд иргэдийнхээ мөнгийг өгөх ёстой гэж хадгаламж зээлийн хоршоодын хохирогчид үздэг.
Г.Гэрэл