“Тарбозавр батаар” хэмээх үлэг гүрвэлийн араг яс Монголоос гарсан, эсэх асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед манай Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд чухал баримтуудыг олж, үлэг гүрвэлийн чулуужсан яс Монголынх гэдгийг баталлаа. Түүгээр ч зогсохгүй археологийн ховор олдвороор бизнес хийгч олон улс дамжсан сүлжээний үйлдлийг таслан зогсоов. Үлэг гүрвэлийн чулуужсан ясыг хил давуулсан Монголын иргэн Н.Түвшинжаргал өнгөрсөн онд нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнд үлэг гүрвэлийн яс олж өгдөг байсан О, Ө нарыг цагдаагийн байгууллагаас хорьж шалгаж байснаа саяхан батлан даалтад гаргажээ.
Манай цагдаагийнхан Н.Түвшинжаргал (Монгол), Эрик Жон Прокопи (АНУ), Крис Мүүре (Их Британи), Баатс (Япон) болон БНСУын нэг иргэн оролцсон улс дамнасан арилжааны палеонтологич нэр тэй үлэг гүрвэлийн ясаар бизнес хийгч бүлэглэлийн үйлдлийг илрүүлээд байна. Дээрх таван хүн үлэг гүрвэлийн чулуужсан хоёр бүтэн араг яснаас гадна динозаврын толгой, дунд чөмөг гээд маш олон яс хилээр гаргаж, цуглуулагч нарт борлуулсан нь тогтоогджээ.
Эрик Прокопи, Крис Мүүре, Баатс нар эртний танил бөгөөд тэд англи, солонгос, япон хэлтэй Н.Түвшинжаргалтай холбогдож үлэг гүрвэлийн ямар яс авахаа тохиролцдог байсан гэнэ. Урьдчилгаа төлбөрөө хэд хэдэн янзаар илгээдэг байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Тухайлбал, орон нутагт очиж, үлэг гүр вэлийн яс цуглуулах хүмүүс хөлслөх мөнгийг нь эхлээд илгээдэг байж. Улмаар олж цуглуулсан ясыг ирж үзээд (Эрик Прокопи, Крис Мүүре, Баатс нар 2-3 удаа Монголд ирсэн.
Эрик Прокопи Өмнөговь аймагт хоёр удаа очиж олдворт газарт зургаа авахуулсан) явдаг байсан аж. Тэд нутагтаа очоод Н.Түвшинжаргал руу хил гаалиар хуурамч бүрдүүлэлтээр гаргах төлбөр хэмээн 30-40 мянган ам.доллар илгээж байсан аж. Харин тэд хил давуулсан ясаа БНСУ, Япон, Англиар дамжуулан Америкт хүргэж байсан нь өнгөрсөн зун тодорхой болсон. Улмаар үнэ тохиролцож борлуулан ашиг олдог, нууц дуудлага худалдаа ч зохион байгуулдаг байсан гэнэ. Эрик Жон Прокопийн хамсаатан Крис Мүүре Англид амьдардаг арилжааны палеонтологич. Тэрбээр нисдэг үлэг гүрвэлийн нэг төрлийг илрүүлж байжээ.
Харин Баатс гэгч Японд амьдардаг холбоотон нь тус улсдаа хувийн музейн эзэн, эртний болон чулуужсан эдлэлийн наймаа эрхэлдэг, Монголын олон үнэт зүйлсийг тухайн оронд арилжсан нэгэн аж. Тэд улс дамнасан палеонтологийн хар захыг эзэгнэсэн наймаачид байжээ. Манай эрүүгийн цагдаагийн албаныхны явуулсан ажиллагааны дүнд энэ хар захыг зангидаж, захирч байсан толгойлогч нар нь эрүүгийн хэрэгт татагдаж эхлээд байгаа гэнэ.