Хадгаламж зээлийн хоршоод ар араасаа дампуурч, тэдэнд мөнгөө хадгалуулаад хоосон хоцорсон иргэд бөөн бужигнаан болж байсан үйл явдал таван жилийн өмнө. Иргэдийн хохирлыг барагдуулах ажил ямар шатандаа явж буй, төрөөс гэх ч үндсэндээ татвар төлөгчдийн халааснаас гаргасан 30 гаруй тэрбум төгрөгийн эргэн төлөлт ямар байгаа талаар ШШГЕГ-ын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны дарга, хурандаа М.Очирбаттай ярилцлаа.
-Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөр барагдуулах ёстой хэдэн хоршоо байгаа вэ. Хохирогчдод хэдий хэмжээний өр төлөхөөс одоо хэдийг нь барагдуулаад байна вэ?
-Манай алба 26 хадгаламж зээлийн хоршоонд холбогдох 8301 хохирогчтой, 72.4 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хохиролтой хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас материал хүлээж аваад шийдвэр гүйцэтгэж байна. Эдгээр 26 хоршооноос одоогийн байдлаар найм нь төрөөс авсан 50 хувийн хохирлоо бүрэн төлсөн. Үүний дотор хоёр жижиг хоршоо төрийн хохирол болон үлдэх хохирлоо аль алиныг нь 100 хувь барагдуулсан. Мөн төрөөс авсан хохирлоо барагдуулаад байгаа дөрвөн хоршооны үлдэх мөнгийг одоо хувь тэнцүүлэн олгож байна. Хадгаламж зээлийн хоршоодод холбогдох хэргийг хүлээж авснаас хойш тус алба нэгдүгээрт, хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах хуулийн дагуу бодит хохирлын 50 хувийг олгох ажлыг зохион байгуулж байгаа. Энэ ажил маань 92 хувьтай байна. Одоо 560-аад хүн 270 гаруй сая төгрөгийн хохирлоо огт аваагүй байгаа.
Хоёрдугаарт, цагдаагийн байгууллагаас битүүмжилсэн эд хөрөнгийг хүлээж авах ажиллагааг манайх хийсэн. 72.4 тэрбум төгрөгийн хохирол тооцож, 29 тэрбум төгрөгийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө хүлээж авсан. Одоогоор 15.4 тэрбум төгрөгийн төлбөрийг мөнгөөр болон эд хөрөнгөөр төрд эргэн төлөгдөх нөхц өлийнхөө дагуу төлөөд байна. Мөн дээрхээс есөн тэрбум гаруй төг рө гийн хөрөнгө нь шууд худалдан борлуулах боломжгүй хөрөнгө байгаа.
-Шууд худалдан борлуулах боломжгүй гэдэг нь ямар учиртай юм бэ?
-Дээрх хөрөнгийн дотор “Борнуур”, “Даваанбулаг”, “Баялаг Налайх” зэрэг хувьцаат компанийн 7.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 71 үл хөдлөх эд хөрөнгө бий. Хувьцаат компанийн хөрөнгийг худалдан борлуулахаар бид Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржтэй олон удаа санал солилцсон. Ингэснээр сая “Даваанбулаг” компанийн нийт хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж ТУЗ-ийг томилсон. Төрийн өмчийн хорооны төлөөллийг байлцуулж хохиролд тооцох хөрөнгийг нь салгахаар шийдвэрлэж, одоо Төрийн өмчийн хороонд үүнийгээ танилцуулах гэж байна. Энэ ажил амжилттай болбол “Борнуур” хувьцаат компанийн хөрөнгийг ийм маягаар шийдвэрлэхээр бэлдэж байгаа. Түүнээс биш Хөрөнгийн биржээр хувьцааг нь худалдана гэвэл өнөөдөр нэрлэсэн нэгж хувьцааны үнэ маш бага байна. Иймд долоон тэрбум төгрөгийн хөрөнгө дөнгөж 100 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх эрсдэлтэй байгаа. Мөн зарим хөрөнгийг шүүхээс битүүмжлэлээс чөлөөлсөн байгаа бол үлдсэн хэсгийн хувьд өндөр үнэтэй хөрөнгө хураагдаж ирсэн ч үндсэн хохирлоо барагдуулсан тохиолдолд тухайн хөрөнгө битүүмжлэлээс чө лөө лөгддөг журамтай. Тухайлбал, шүүхээс чөлөөлсөн 1.8 тэрбум, бус дын барьцаанд байгаа 194.6 сая, эрхийн маргаантай 123.2 сая төгрөгийн эд хөрөнгө байгаа.
-Хадгаламж зээлийн хоршооныхон 2007 онд 22 хоршооны 815 нэр төрлийн 43 тэрбум 600 сая төгрөгийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, дээрээс нь үнэлэгдээгүй газар, лиценз гээд их олон зүйл хүлээлгэж өгсөн гэдэг юм билээ. Гэтэл цагдаа, шүүхийнхэн битүүмжилсэн эд хөрөнгийг нь үнэгүйдүүллээ гэж яриад байдаг. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?
-Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд тогтоосон үнэлгээгээр тухайн эд хөрөнгө борлогдохгүй байвал хөндлөнгийн шинжээчээр хуулийн дагуу үнэлүүлдэг. Тэгж үнэл гээ хийлгэсэн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулдаг. Үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар үнэгүйдүүлж, дуудлага худалдаанд оруулалгүй нэг ч хөрөнгө зараагүй гэдгийг хэлэх байна. Олон жил болсон үл хөдлөх хөрөнгийг хурааснаас хойш бас багагүй хугацаа өнгөрсөн тул байгалийн хүчин зүйлээс шалтгаалж хуучирч муудах тохиолдол байдаг. Жишээ нь, “Гэр хорооллын барилгажилт” хоршооны үлдэгдэл хөрөнгө болох Борнуур дахь “Манай гэр” хоолны газрын байрны дээврээс ус гоожоод болохгүй байсан тул бид өнгөрсөн зун засаж янзаллаа шүү дээ.
Нөгөө талаар, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэт өндөр үнэлэгдсэн зарим объект одоо хүртэл зарагдахгүй байна. Өмнөговь аймгийн “Дуут манхан” жуулчны баазыг гэхэд л 329 сая төгрөгөөр үнэлсэн. Харин одоо хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 36 сая төг рөг болох жишээтэй. Мөн Дархан-Уул аймагт байдаг тахианы байрыг анх 40 сая төгрөгөөр үнэлээд ирүүл сэн байсан. Гэтэл зарагдахгүй болохоор нь сая хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлтэл нэг сая 20 мянган төгрөгийн үнэд хүрлээ. Гэтэл энэ үнээр нь ч хүмүүс авахгүй байна шүү дээ. Энэ мэтээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд үнэлэгдээд ирсэн эд хөрөнгийг анхны үнээр нь тооцоолсон зарим хохирогч биднийг үнэгүй дүүлж байна гэж ойлгодог бололтой.
-Хоршоодоос битүүмжилсэн хөрөнгө нь нийт төлөх ёстой мөнгөний 40 хувьд нь хүрэхтэй үгүйтэй гэсэн. Тэгэхээр одоо үлдсэн төлбөрийг хэрхэх юм бэ?
-Манай алба хадгаламж зээлийн хоршоодоос битүүмжилсэн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар, хөдлөх хөрөнгийг дэлгүүрээр борлуулж байна. Үүний үр дүнд төрийн хохирлоо барагдуулж байгаа. Ямартай ч өдгөө манайд хадгаламж зээлийн хоршоодын 3.7 тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдсэн хөдлөх хөрөнгө байна. Олон удаа дэлгүүрээр худалдах гээд борлогдоогүй зүйлүүд гэсэн үг. Машины сэлбэг гэхэд одоо Монголд явдаггүй машиных байх жишээтэй. Түүнчлэн худалдан борлуулахад хүндрэлтэй зүйлүүд ч байна. Жишээлбэл, манайд хориглосон мөрийтэй тоглоомын рулетийн ширээ гэхэд л өндөр үнэлгээтэй ирчихсэн байна. Хуулиараа ийм хөрөнгийг Төрийн өмчийн хороонд санал болгоод, аваагүй тохиолдолд хохирогчдод хувь тэнцүүлэх журмаар олгох ёстой. Энэ дагуу Төрийн өмчийн хороонд санал болгосон ч аваагүй тул хохирогчдод хувь тэнцүүлж олгохоор олон нийтийн хэрэгслээр дөрвөн сарын өмнөөс зарласан. Ганц нэг хохирогч ирж бүртгүүлж байна. Гэтэл зарим хүн ирж үзээд, “Ийм юм авахгүй” гэдэг.
-Тэгвэл үлдсэн хохирлыг хэн барагдуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ шүү дээ. Магадгүй дахиад л төр хариуцах болчих юм биш үү?
-72 тэрбум гаруй төгрөгийн хохирлын үлдсэн 40 гаруй хувийн тухайд тэгнэ, ингэнэ гэж хэлэх боломжгүй. Бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасны дагуу хохирогчдын хохирлыг барагдуулах тал дээр анхаарч ажиллаж байна. Хадгаламж зээлийн хоршоодтой холбоотой бас нэг чухал зүйл бол иргэний хариуцагч, зээлдэгч нараас мөнгө төвлөрүүлэх ажиллагаа. Үүнийг огт ярьдаггүй. Хохирогчид зээлдэгч нараас авах ёстой мөнгийг яасан бэ гэдгийг байнга асуудаг учраас энд задаргааг нь танилцуулмаар байна. Манай алба төлбөр төлөгч нарт холбогдох 545 гүйцэтгэх бичиг баримт бүхий 6.996.764.700 төгрөгийн материалд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа. Эндээс 631.705.700 төгрөгийн үнийн дүнтэй гүйцэтгэх баримт бичгийг шүүхээс хэрэгсэхгүй болгож, 100.081.600 төгрөгийн үнийн дүнтэй гүйцэтгэх 13 баримт бичгийг төлбөр төлөгч нас барсан гэдэг үндэслэлээр хассан бол 160.590.700 төгрөгийн үнийн дүнтэй баримт бичгийн хувьд манайхаас өмнө Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд төлсөн баримтаар дуусгавар болгож, 88.247.500 төгрөгийн үнийн дүнтэй нэг баримт бичгийг шүүхээс түдгэлзүүлсэн. Тэгэхээр үндсэндээ бид 2.925.718.000 төгрөгийг мөнгөөр болон эд хөрөнгөөр зээлдэгч нараас төвлөрүүлж, одоо зээлдэгчийн үлдэгдэл 3.090.420.900 төгрөг байна.
-Төрөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр олгосон 30 тэрбум гаруй төгрөгийн нөхөн төлөлт ямар байгаа вэ. Та түрүүн 15.4 хувийг барагдуулсан гэж хэлэх шиг болсон. Үлдсэнийг нь хэзээ буцааж төлөх боломжтой вэ?
-Эргэн төлөгдөх нөхцөлтэй хуулийн дагуу төрөөс хохирлын 50 хувийг нь олгочихсон. Өөрөөр хэлбэл, 7731 хохирогчтой гэрээ байгуулж, 35 тэрбум 870 сая гаруй төгрөгийг төрөөс авч өгчихөөд байна. Төрд одоо үндсэндээ 21 тэрбум төгрөг буцааж олгох ёстой.
-Төрд энэ мөнгийг буцааж төлөх хугацаа ямар байх вэ?
-Хохирогчдын хохиролд тооцож авсан хөрөнгийг худалдан борлуулж төрийн хохирлыг барагдуултал Хохир лыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хууль үйлчлэх хуулийн заалттай. Тэгэхээр энэ хуулийн хүрээнд ажиллах юм.
-26 хоршооноос төрд болон хүмүүсийнхээ хохирлыг хамгийн өндөр хувиар барагдуулсан заримаас нь дурдаж болох уу?
-Төрийн хохирлоо буцаан төвлөрүүлж дууссан найман хоршоог дурдвал “Си Эм Си”, “Гэр хорооллын барилгажилт”, “Үйлс үржихүй”, “Цэн алт”, “Европын хөгжил”, “Севен боис”, “Ти эс Би”, “Нэмэгдэх ундарга” гэсэн хоршоод байна. Эдгээрийн дотроос “Нэмэгдэх ундарга”, “Ти Эс Би” гэдэг хоёр хоршоо хохирлоо бүрэн барагдуулсан. “Си Эм Си”, “Гэр хорооллын барилгажилт”, “Үйл үржихүй”, “Цэн алт” гэсэн дөрвөн хоршоо төрийн хохирлоо барагдуулсан, үлдэх хохирлыг хувь тэнцүүлэн олгож байгаа. Дээрх дөрвөн хоршооноос төлбөр авах ёстой хүмүүсийг ирж төлбөрөө аваарай гэж хэлмээр байна. Хамгийн олон буюу 1874 хохирогчтой “Гэр хорооллын барилгажилт” хоршооны хувьд гэхэд л үлдэгдэл төлбөрийн 33 хувийг олгож байгаа. Дээрх хоршооноос 33 хувиа аваагүй 829 хохирогчид олгох нэг тэрбум 100 сая төгрөг манай дансанд байгаа тул хүмүүсийг мөнгөө ирж авахыг хүсэж байна.
-Хөрөнгийг танил талын хүмүүстээ хямд зарсан, мөнгийг нь хууль бусаар авч улс төрийн санхүүжилт хийсэн гэдэг шалтгаанаар нэр бүхий хүмүүсийг Авлигатай тэмцэх газарт шалгах болсноо мэдэгдээд буй. Тэдгээрийн дунд одоогийн УИХ-ын гишүүдээс эхлээд нэр нөлөө бүхий хүмүүс байсан. Та үүнд ямар тайлбар хийх вэ?
-Сониноос энэ тухай уншсан. “Манайд их хэмжээний өртэй, түүнийгээ төлөөгүй” гэж тэдний мэдэгдээд байгаа УИХ-ын гишүүд болоод нэр бүхий хүмүүсийн нэр шүүхээс манайд ирсэн төлбөр төлөх ёстой 545 хүний жагсаалтад байхгүй гэдгийг хэлье. Хадгаламж зээлийн хоршоо дын хөрөнгийг хэн нэг хүн дундаас нь зарж борлуулаад, аль нэг намын нөхөрт улс төрийн санхүүжилт болгон өгсөн зүйл байхгүй. Энэ бол тооцоо, данстайгаа бүх зүйл нь ил тод байдаг зүйл. Цагдаа, прокурор, Авлигатай тэмцэх газар ч хохирогчдын гомдлоор үүнийг хэд хэдэн удаа шалгасан шүү дээ.
-Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид хэсэг чимээгүй байж байгаад гэнэт гарч ирээд, хохирлоо барагдуулахыг шаардаад эхэлдгийг та юу гэж үздэг вэ?
-Хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө хадгалуулсан хүмүүс хохирсон уу гэвэл хохирсон. Шүүхээс ч үүнийг нь тогтоогоод өгсөн. Тиймээс хохирлоо барагдуулах гээд хөөцөлдөж буй хүмүүсийг бид ойлгодог. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба байгуулагдсанаас хойших таван жилийн хугацаанд үнэхээр ядарч зүдэрсэн, өвчтэй зовлонтой хохирогчид ч над дээр орж ирдэг. Тийм хүмүүст хэдэн төгрөг ч гэсэн хурдан өгөхийг боддог. Гэхдээ бодит байдал ямар байгааг сая ярилаа. Харин үүнийг маань зарим хохирогч үргэлж болохгүй, бүтэхгүй байгаа мэтээр ярьж, биднийг иддэг, уудаг гэж гүтгэдэг. Түүнийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж, олныг төөрөгдүүлж байгаа нь үүргээ шударгаар биелүүлэхийг хичээж явдаг манай албан хаагчдын сэтгэлзүйд таагүйгээр нөлөөлдөг.
Л.ГАНЧИМЭГ