- Тэрбээр Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох хүсэлт гаргажээ -
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянтай Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд өчигдөр уулзжээ. Мөрдөн байцаагчид түүнээс гэрчийн мэдүүлэг авахаар очсон байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байхад УИХ-ын гишүүн О.Баасанхүү орж ирж, тасалдуулжээ. О.Баасанхүү “АТГ дэд сайдаас гэрчийн мэдүүлэг авахдаа урьдчилан албан бичиг хүргүүлсэн байх учиртай. Зөвшөөрөлгүйгээр ажлын өрөөнд нь гэрчийн мэдүүлэг авч байгаа нь хууль зөрчсөн явдал” хэмээжээ.
Харин дэд сайд Э.Эрдэнэжамъян “Мэдүүлэг авах тухай урьдчилж хэлээгүй. АТГ-ын төлөөлөгч ирлээ гэхээр нь ажил хэргийн шугамаар уулзах нь гэж ойлгосон. Гэтэл орж ирээд эрх, үүрэг танилцуулаад гэрчийн мэдүүлэг авна гэсэн. Яагаад гэрчийн мэдүүлэг өгөх болсон, юуг гэрчлэх ёстой вэ гээд үл ойлголцох байдал үүссэн үед О.Баасанхүү гишүүн орж ирсэн. АТГ-ынхан үнэхээр Хууль зүйн дэд сайдаас мэдүүлэг авах учиртай бол урьдчилж мэдэгдээд мөрдөн байцаах албаныхаа тодорхой дүрэм, журмыг баримтлах ёстой. Тэдний мэдүүлэг авах гэсэн нь Н.Энхбаяр даргын асуудалтай холбоотой. О.Баасанхүү гишүүн бид хоёр TВ9 телевизийн асуудлаар Японоос ирсэн бичгийн талаар ярилцахаар цаг товлосон үед мэдүүлэг авна гэдэг нь ямар учиртай вэ. Би АТГ-ынханд гэрчээр мэдүүлэг өгөөгүй” гэж зарим хэвлэлд ярьсан байв.
Харин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат өчигдөр энэ асуудлаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хууль зүйн дэд сайд Э.Эр дэнэ жамъян болсон асуудлын талаар өөр тайлбар өгсөн байна лээ. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт холбогдох хэрэгт АТГ-аас мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдүүлэн, шүүхээр шийдвэрлүүлснийг та бүхэн мэдэж байгаа. Энэ хэргийн мөрдөн байцаалтын явцад зайлшгүй шалгах шаардлагатай хэд хэдэн хүн гадаадад байгаа шалтгаанаар шалгуулалгүй өнгөрсөн. Тэдгээр хүмүүст холбоотой асуудлыг Н.Энхбаяр нарын хэргээс тусгаарласан юм. Улмаар гадаадад байгаа хүмүүсийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах арга хэмжээ хуулийн дагуу авсан.
Хууль зүйн дэд сайдаар томилогдон ажиллаж буй Эрдэнэбилэгийн Эрдэнэжамъян нь Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт “Монгол Улсын Интерполын үндэсний товчооноос илгээсэн мэдээллийн дагуу олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож өгөөч” гэсэн утгатай имэйл буюу цахим шуудан илгээсэн байгаа юм. Интерполын Монголын товчооноос дээрх утгатай и-мэйл тус газар руу явсан байна. Интерполын хуулийн дагуу аливаа этгээдийг эрэн сурвалжлах болон бусад ажиллагааг тухайн улсын эрх бүхий байгууллагын зөвшөөрлийн дагуу явуулах зохицуулалттай. Энэ зохицуулалтаас гадуур дээрх захидал ирлээ, тодруулж өгөөч гэж Интерполын нарийн бичгийн даргын газраас хүсэлт ирсэн байна. АТГ уг асуудлыг Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян явуулжээ гэж үзэх боломжгүй.
Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтад саад учруулсан хэн нэгэн Хууль зүйн дэд сайдын нэрийг барьсан уу, эсвэл үнэхээр өөрөө явуулав уу гэдгийг бид шалгаж байна. Үүнийхээ дагуу Хууль зүйн дэд сайдаас мэдүүлэг авч байсан боловч УИХ-ын гишүүн О.Баасанхүү түүний өрөөнд нь орж ирж байцаалтын ажиллагааг тасалдууллаа. Байцаалт түүний албан өрөөнд явагдсан. Эрх, үүрэгтэйгээ танилцаад гарын үсгээ зурж, тайлбараа өгч эхэлж байсан. АТГ-ынхан хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу байцаагдаж буй этгээдийн байгаа газарт байцаалт явуулах бүрэн боломжтой. Энэ хүрээнд хийгдсэн ажиллагаа тасалдсан байна. Манай ажилтнууд хуулийн дагуу байгаа газарт нь очиж тайлбар авч эхлээд байсан юм. Түүнээс гадна мөрдөн байцаалтын ажиллагаанд нөлөөлөх, саад хийх аливаа оролдлогыг хэн ч гаргаж болохгүй. Хэрэв тэгсэн тохиолдолд тухайн этгээд хариуцлага хүлээх ёстой.
Нэн ялангуяа саад хийж буй үйл ажиллагаа төрийн албан тушаалаа ашиглаж хийж буй бол, магадгүй Э.Эрдэнэжамъян албан тушаалаа ашиглаж үйлдсэн бол бүр их зохимжгүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Тиймээс АТГ-ынхан нягталж үзэх ёстой гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн юм” гэлээ. Байцаалт ийнхүү тасалдсан аж. Харин тэрбээр хэрхэн мэдүүлсэн нь хуулийн дагуу нууцад тооцогдоно. Бидний авсан мэдээллээр Э.Эрдэнэжамъян мөрд өн байцаалтын ажиллагаанд саад учруулахуйц захидал буюу Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй үйлдлийг зогсоох хүсэлтийг дэд сайдынхаа албан тушаалыг ашиглан Интерполын Монголын товчоогоор дамжуулан явуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж.
Э.Эрдэнэжамъянд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэхээр болсон байна. Түүний зэрэгцээ УИХ-ын гишүүн О.Баасанх үү гиш үүнийхээ ёс зүйн хэм хэмжээг зөрчин мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахуйц хэмжээнд очсон гэсэн асуудлаар ч эрүүгийн хариуцлагад татаж болзошг үй байна.
Г.ОРЧЛОН