Завхан аймгийн Ургамал, Увсын Өндөрхангай сумын зааг нутаг, Тосгуурын амыг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн нинжа нар эзэлжээ. Энэ нутагт алтны шороон орд илэрсэн аж. Эхний хэдэн сард 40 гаруй хүн эндээс ашигт малтмал хууль бусаар олборлож байсан аж. Энэ сарын эхнээс нинжа нарын тоо эрс нэмэгджээ. Ашигт малтмал хууль бусаар олборлогчдыг Завхан аймгийн Цагдаагийн газрынхан хоёр удаа тараасан ч тэд дийлдэхгүй, буцаж ирсээр байгаа юм байна.
Нинжа нар 2х30 км газрыг сэндийчсэн талаар тус аймгийн Цагдаагийн газрын дарга өгүүлэв. Энд Баянхонгор, Төв, Увс, Зав хан, Говь-Алтай, Дундговь, Өмнө- говиос хүмүүс ирж, газар ухаж бай гаа аж.Байгаль орчныг ихээхэн сүйтгэж буй нинжа нарыг тараах ямар арга хэмжээ авч байгаа талаар Завхан аймгийн Ургамал сумын Иргэдийн хурлын даргаас тодруулахад
-Бид гурав хоногийн өмнө тэр хүмүүсийг тараасан. Гэсэн ч эргэж цуглаад байна гэнэ. Бидэнд ирсэн мэдээллээр одоо 1000 гаруй хүн дахин иржээ. Өнгөрсөн 8-9 дүгээр сард 2500 орчим нинжа байсан. Энэ газар аль нэг компанийн эзэмшилд байдаггүй. Манай сумын малчдын намаржаа, өвөлжөөний бүс л дээ. Анх Бүрчигтий гэдэгт газарт үл таних хүмүүс янз бүрийн багаж бариад, газар сэндийчээд яваад байна гэсэн нь нинжа нар байж. Тэр багаж нь хаана ямар металл байгааг шууд мэддэг юм байх. Тэгж яваад алттай гэдгийг нь мэдсэн бололтой. Тэгээд бие биенээ дуудсаар байгаад ийм олон хүн цугласан. Энэ талаар аймгийн Засаг даргын Тамгын газарт мэдэгдлээ. Удахгүй арга хэмжээ авахаар ярилцаж байна гэв.
Д.ДАГВА