Баянзүрх дүүргийн XI хорооны нутагт үхрээ усалж байсан залууг хоёр хүн зодож, амьдаар нь шатаасан хэрэг гарсан. Энэхүү жигшүүрт хэргийг УБТЗ-ын харьяа төмөр замын Баян зөрлөгийн ажилтнууд үйлдсэн аж. Шөнөжин архи уусан тэд даваа гаригийн өглөө Хонхорт байдаг Гоожуур хэмээх булгаас ус уухаар машинтайгаа очжээ. Энэ үед нь тус булгаас үхрээ усалж байсан Ч.Батчулуун хэмээх залуу “Ямар хурдтай давхиж ирдэг юм. Үхэр үргээчихлээ” гэсэн байна. Гэтэл залуус түүнийг зодож, машиныхаа тээшинд чихэн ойролцоох уул руу аваачаад ийнхүү аминд нь хүрчээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад “Согтуу залуус түүний хувцас руу бензин цацаад, тамхиныхаа галыг шидэн амьдаар нь шатаасан юм билээ. Тэгээд амьд байхаар нь түргэн тусламж дуудсан байгаа юм. Талийгаачийг ойролцоох Налайхын эмнэлэгт хүргэж анхан шатны тусламж үзүүлээд, 17.50 цагт ГССҮТ-д хүргэсэн ч 80 хувийн түлэгдэлтэй учраас тэсээгүй. Уг хэргийг үйлдсэн хүмүүсийг Эрүүгийн хуулийн онц хэрцгий аргаар хүний амийг санаатай бүрэлгэсэн гэх зүйл ангиар цагдан хориод шалгаж байгаа” гэлээ.
Харин Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн гэмт хэрэгтнүүд талийгаачийг хөнөөчихөөд булахаар нүх ухсан байсан гэдэг огт үндэслэлгүй мэдээлэл гэсэн. Уг хэргийг үйлдсэн залуус хамаатан садан хүмүүс юм байна. Тэдний нэг нь тус зөрлөгийн дарга аж. УБТЗ-ын удирдлагууд энэ талаар мэдээлэл өгөхөөс эрс татгалзлаа.
Л.АРГАМЖИН